Өсөлтийн хурдац буурсан болохоос биш эдийн засагт өсөлт байгаа
2014.04.21

Өсөлтийн хурдац буурсан болохоос биш эдийн засагт өсөлт байгаа

Монгол улсын эдийн засгийн байдлын талаар засгийн газрын тэргүүн УИХ-д мэдээлэл өглөө. Өнгөрсөн жилийн энэ үед гадаад худалдааны алдагдал 400 сая доллар байсан бол энэ жилийн эхний үед 900 сая болтлоо буурсан юм. Дэлхийн эдийн засаг тааруу байгаа. Өсөлт нь ердөө гурван хувьтай байхад манай улсын 11.7 хувь байгаа нь өндөр үзүүлэлт гэж Ерөнхий сайд хэллээ. Харин сөрөг хүчний зүгээс энэ өсөлт  ард түмэнд бодиор хүрсэн үү гэдгийг Ерөнхий сайдаас асуулаа.

Манай улсын экспортын гол таван бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 шахам өссөн гэж ҮСХорооноос гаргасан судалгааг Ерөнхий сайд ишиллээ.  Задалж үзвэл алтны экспорт 120 хувь, зэс 53 хувь, түүхий газрын тосны импорт 64 хувиар тус тус өссөн байна. харин нүүрсний хувьд экспортын хэмжээ өссөн ч олох ашгийн хэмжээ буурчээ. Энэ нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай, нөгөөтэйгүүр Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний экспортынхоо багагүй хэсгээр Чалько компаний өрийг төлж байгаатай холбоотой гэж Ерөнхий сайд хэлж байлаа.  

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

7.4 их наяд төгрөгийг эдийн засагтаа нийлүүлчихсэн өртэй гэж ойлгож байгаа.

“7.4 их наяд төгрөгийг эдийн засагтаа нийлүүлчихсэн өртэй гэж ойлгож байгаа. Энэ өрийг бид гарсан үр дүн гэж тооцоод 11.7 өсөлтдөө оруулаад та тооцоод байх шиг байна. Би буруу ойлгоод байна уу, та буруу ойлгоод байна уу? Хэрвээ тавьсан өрөө бид үр дүн гэж харах юм бол энэ тоон өсөлт чинь иргэн Доржын амьдралд ердөө нөлөөлөөгүй гэдгийг та бодитойгоор мэдэж байгаа.

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Монгол улсын статистикийн ерөнхий газрын гаргасан тоо. Энэ газар тоог гаргаад хориод жил болж байгаа. Ямар засаг байхаас хамаарахгүйгээр биеэ даагаад гаргадаг тоонуудыг би хэлж байна. Санаа амар, тайван сууж болно гэж хэлээгүй. Ийм ийм болохгүй юм байгаа учраас энд гар гаргаад ажилламаар байна. Бид нүүрснийхээ гаралт, хэмжээг нь нэмэгдүүлж, өөр арга хэмжээ авмаар байна. Бид засгийн газрынхаа ээлжит хурлыг хийж эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийнхоо тухай зарим арга хэмжээний тухай тогтоолыг өргөн барьсан. Ирэх долоо хоногт та нар ингэж сайжруул гэдэг чиглэлээ өг.

Сангийн сайд Ч.Улаан:

Эдийн засагт өсөлт байгаа шүү дээ.

“Огт эдийн  засагт өсөлт байхгүй гээд яриад байх юм. Эдийн засагт өсөлт байгаа шүү дээ. 2013 онд 11.4 хувиар эдийн засаг өсч байхад номинал дүнгээрээ ДНБ-ий өсөлт 3.7 тэрбум их наяд төгрөгөөр  нэмэгдсэн. Өсөлтийн хурдац буурсан болохоос биш эдийн засагт өсөлт байгаа. 200 мянган ажлын байрыг хадгалж үлдээд 50 мянган ажлын байр 2013 онд шинээр бий болсон байна. Энэ бол эдийн засгийн харагдаж байгаа үр дүн шүү дээ. Тийм учраас бодитоор яримаар байна.

Нэгдүгээр улирлын энэ байдал маань хэвээр үргэлжилвэл энэ оны сүүлийн хагас жилд улсын төсөв дээр орлого дутагдах нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тийм учраас бид одооноос үүндээ таарсан орлогынхоо боломжийг дайчлах, хамгийн гол нь орлого, зарлагаа уялдуулан санхүүжүүлэх, тэвчиж болох зардлаа тэвчих зэрэг шаардлагууд үүсч байгаа гэдгийг хаа хаанаа мэдэрч байна.”

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

Дотооддоо үйлдвэрлэж чаддаг зүйлээ гадаадаас оруулж ирэхэд маш бага байгаа.

“Маш олон бизнесийн байгууллагуудын зүгээс олон саналууд ирдэг. НӨАТ, худалдааны татварыг өөрчлөх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхой хугацаагаар нэг шатлалд оруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах талаар үндэсний үйлдвэрлэлээ, зах зээлээ хамгаалахын тулд гааль, тарифын бодлогодоо зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэсэн саналууд олон ирж байгаа. Дотооддоо үйлдвэрлэж чаддаг зүйлээ гадаадаас оруулж ирэхэд маш бага байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй өрсөлдөөнд оруулаад байна” гэж байлаа.