Х.Баттулга: Хэн нэгнийг буруутгахаас өмнө нухацтай ярилцах хэрэгтэй
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Халтмаагийн Баттулга
2014.04.17

Х.Баттулга: Хэн нэгнийг буруутгахаас өмнө нухацтай ярилцах хэрэгтэй

Сүүлийн үед Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлын ард ҮХАА-н сайд Х.Баттулга байгаа гэх мэдээлэл гарах болсон. Мөн ам.долларын ханшийг барьж чадахгүй, эдийн засгийг хүндрэлд оруулсан хэмээн салбарын сайд болон Монголбанкийг буруутгаж байгаа. Тэгвэл энэ талаар ҮХАА-н сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хэвлэл мэдээлэлээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлын ард таныг байгаа гэх мэдээлэл гарах болж. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байгаа. О.Баасанхүү гишүүн үүнийг өргөн барьсан. Тиймээс энэ асуудлыг түүнээс л асуух ёстой байх. Үүнтэй холбоотой цуурхлыг надтай холбосон байна билээ. Манайхан цуурхлыг дэндүү сайн шүүрч авдаг. Энэ асуудлын учир тайлагдах нь цаг хугацааны асуудал байх.

-Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Өнөөдөр эдийн засгийн хямрал, ам.долларын ханшийн зөрүү, алдагдал гарч байгааг бизнес эрхлэгчид хэлж байгаа. Үүнийг нуух арга байхгүй. Харин хямралаас яаж гарах вэ гэдэг асуулт байна. Хямралыг дагуулж улс төр хийвэл нэг өөр. Монгол Улсыг эрүүл саруул эдийн засагтай болгох гарц бий. Бид дотроо хагаралдаад байвал Украйны араас л орно. 45 сая хүнтэй Европод оршдог иргэншсэн орон ийм байдалд орж байгаа учраас манайхан энэ асуудлыг нэг номерт тавих учиртай. Тиймээс Засгийн газар, бид нар л хариуцлага хүлээх ёстой.

-Монгол банкнаас буруу бодлого явуулснаас үүдэн ам.долларын ханш өссөн тухай яригдах болсон та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Үүнийг хоёр шалтгаантай гэж хэлмээр байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт буурсан. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх ам.долларын урсгал буурсан гэсэн үг. Хоёрдугаарт, 2010 оноос хойш нэг улс руу нэг бүтээгдэхүүн буюу нүүрс гаргах замаар эдийн засгаа тооцоолж байсан нь алдаа болсон.

Төв банк өнөөгийн эдийн засгийн бүтэц дээр бодлогоо гаргадаг.

Өөрөөр хэлбэл, ганцхан Хятад улс руу төдий хэмжээний тонн нүүрс зарна гэж зах зээлээ тооцоолчихдог. Ганцхан зах зээл рүү ганцхан бүтээгдэхүүн шахахаар яаж үнэтэй авах билээ. Тиймээс бүтээгдэхүүнийг маш олон төрлөөр экспорт хийх зорилгоор төмөр замын бодлогыг батлуулсан. Харамсалтай нь төмөр замыг ганцхан урагшаа тавьж, нүүрсэнд тооцоо хийсэн. Үүнийг зориулалтаар хийсэн.

Өөрөөр хэлбэл, албаар эдийн засгийг дампууруулсан хэмжээ рүү оруулж байгаад эргээд зээл авна. Өнөөдөр ганцхан БНХАУ зээл өгч байгаа. Тэгэхээр эдийн засгаа хямдхан худалдах нөхцлийг өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд хийсэн бодлогын үр дүнд үүнийг нотолж байна. Монголбанкны бодлого гэж байхгүй.

Төв банк өнөөгийн эдийн засгийн бүтэц дээр бодлогоо гаргадаг. Нэгэнт хөрөнгө оруулалт буурч, экспортын ганц төрөл байгаа болохоор Монголбанкийг буруутгаж байгаа юм. Үүнийг өнөөдөр бүгдээрээ мэдэж байгаа. Би дахиад хэлье. Өнөөдөр эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаад Хятадаас тусламж гуйх арга руу орж байна. Одоо хэн нэгнийг буруутгахаас өмнө үүнийг нухацтай ярилцах хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэх нь өнөөдөр бодлого барьж байгаа төрийн түшээдтэй холбоотой.

-Төмөр замын ажил зогссон гэх зүйл яригдаад байгаа. “Самсунг” компанийн бүх тоног төхөөрөмжийг аймгаас битүүмжилж, ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна гэх мэдээлэл байна?

-Үүнийг Зам тээврийн яамнаас тодруулсан нь дээр болов уу. Миний ойлгосноор төмөр замын ажилд бондоос 200 сая ам.долларыг өгсөн. Энэ хэмжээний ажил хийгдээд дуусч байгаа. Яагаад үүнийг би сонирхоод байна вэ гэхээр Сайншандын аж үйлдвэрийн парк манай яаманд хамаатай учраас нэмүү өртөг үйлдвэрлэх Сайншандын аж үйлдвэр рүү түүхий эд төмөр замаар л явах учиртай. Төмөр замыг урагшаа нарийн царигаар оруулах юм бол Сайншанд руу түүхий эд очихгүй. Ингээд Сайншандын аж үйлдвэрийг дампууруулах бодлого болж байгаа юм.