"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" аяныг АН-ын бүлэг дэмжиж ажиллана
"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" аяныг АН-ын бүлэг дэмжиж ажиллана
2014.04.21

"Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног" аяныг АН-ын бүлэг дэмжиж ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2014.04.21/ ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд энэ долоо хоногт  байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын даргын мэдээллийг сонсч, бүлгийн гишүүд санал солилцсон юм.

Дараа нь  Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Эдийн засгийг эрчимжүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт  хэлэлцэх нь зүйтэй гэж  гэж бүлгийн гишүүд үзлээ. Нийт 23 асуудлаас бүрдсэн уг тогтоолын төслийг дөрвөн үндсэн чиглэлд хувааж авч үзжээ.

Нэгдүгээрт,  өнөөдөр үүссэн байгаа эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжээ дэмжиж, татварын таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр Их хурал, Засгийн газар ажиллах ёстой. Мөнгө санхүүгийн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болж буй хүнд суртлыг багасгах чиглэлээр дорвитой ажил хийх  шаардлагатай. Тухайлбал, тусгай зөвшөөрөл болоод түүнтэй адилтгах  төрөл бүрийн зөвшөөрлийн тоо хэмжээг бууруулж, холбогдох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх. Ялангуяа бизнес эрхлэгчид учирдаг давхардсан хяналт шалгалтынг зогсоох  талаар тодорхой чиглэлд Засгийн газрыг ажиллуулахаар тусгасан байна.

Хаврын чуулганы хугацаанд  уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох, төрийн  оролцоог хумих чиглэлээр ажиллах шаардлагатай.

Гуравдугаарт, манай улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 70-80 орчим хувь нь эрдэс баялгийн салбарыг зорьдог. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд  уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчинг хөрөнгө оруулагчдад илүү таатай болгох, төрийн  оролцоог хумих чиглэлээр ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахаар тогтоолд  тусгажээ. 

Дөрөвдүгээрт,  хөгжлийн бодлого, төсөв зээлийн бодлоготой  холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч, Өрийн удирдлагын тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг яаравчлан боловсруулж батлуулах ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ.

Үүнээс гадна  Монгол Улсыг зорьж ирж буй хүний болоод мөнгөний урсгалыг  дэмжих, орлогын олон сувгийг нээж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор визний таатай нөхцлийг бүрдүүлэх зэргийг тогтоолд тусгасан байна. Түүнчлэн Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог эргэж харах цаг болсон учраас хувьчлалын хөтөлбөрийг хаврын чуулганаар баталж, 2014, 2016 онд хувьчлах аж ахуйн  нэгжүүдийг тодорхой болгох шаардлагатай  гэж үзсэн юм.

Засгийн газар тусгай төлөвлөгөө гаргаж, 100 хоногийн эрчимжсэн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар бүлгийн хуралд танилцууллаа.