С.Бямбацогт:Н.Алтанхуяг хөөж байсан ч гарахгүй гэж байсан
2012.02.10

С.Бямбацогт:Н.Алтанхуяг хөөж байсан ч гарахгүй гэж байсан

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл дээр АН завсарлага авсан. АН ийн бойкот хийж байгааг юу гэж бодож байна вэ?

-"Монголын үрс маш олон болтугай" гэж хүн болгон ярьдаг. Улс орны чухал асуудал, эдийн засаг өсөхгүй, хөгжихгүй байгаагийн том шалтгаан бол хүн ам цөөхөн гэж бид байнга ярьдаг. Тэгсэн хэрнээ хүн амаа өсгөх томоохон бодлого, зорилтоо хэрэгжүүлье гэхээр саад тээг болж байгаад би гайхаж байна. Бид гурваас дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгох хууль санаачилсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэхүйц урамшуулал авч, хүүхдийн тоо нэмэгдэх тусам урамшуулал өсөхөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, эхчүүд маань гурваас дээш хүүхэд гаргаж, хүн амаа өсгөхөд хувь нэмрээ оруулбал төрөөс сар бүр тэтгэмж, урамшуулал олгох юм. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алдарт эхийн I одонтой эхэд нэг сая төгрөг, II одонтой эхэд 500 мянган төгрөг олгох хуулийн төсөл санаачлаад УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь АН-ын бүлэг завсарлага аваад хэлэлцэлгүй хоёр сар шахуу болж байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэж батлахад үнэхээр төвөгтэй болгож байна л даа.

-Энэхүү хуулийн төслийг санаачлагч дунд АН-ын гишүүн ч байгаа гэсэн үү?

-Байгаа. Байх байхдаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэхүү хуулийг санаачлагчдын нэг байгаа юм. Гэтэл бүлгийн дарга нь завсарлага авчихаад ийм байдалд хүрээд байна.

-Сөрөг хүчинтэй УИХ ямар санагдаж байна. Бараг гурван жил шахуу сөрөг хүчингүй байсан шүү дээ?

-Үгүй яахав,улстөр л юм чинь сөрөг хүчин байлгүй яахав. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байх үед би АН-ын даргаас "Хамтарсан  Засгийн   газраас  гар гэвэл гарах уу" гэж асууж байсан. Тэр үед Н.Алтанхуяг   "Би хөөж байсан ч гарахгүй" л гэж хариулж байсан цаг. Тэгтэл сонгууль дөхөөд, яг ид ажиллах үедээ тэд гарчихлаа.

Одоо сонгуулийн  өмнө сонгогчид маань УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж, хариуцлага тооцдог шүү дээ.

Ажлаа цуг хийж байгаад хариуцлага тооцож, үр дүнгээ шалгуулах үе ирэхээр асуудлаас зугтаж, бултаад гарчихаж байгаа нь үнэхээр сонин санагдаж байгаа. Монгол Ардын Нам маань Монголын хувь заяаг 90 жилийн туршид авч явж ирсэн. Цаашдаа ч аваад явна. Тийм болохоор Засгийн газрыг дангаараа авч яваад, бүх хариуцлагыг ганцаараа үүрэх гээд байна гэж санаа зовж байгаа юм алга л даа.

-Сайд нарын томилгооны асуудлаар АН завсарлага авч, гацааж байсан. Одоо төсвийн тодотголын талаар хэлэлцэж байхад АН-ынхан мөн л бойкотлох шинж ажиглагдаад байна уу даа?

-Нэг завин дээр явж байгаад завинаасаа үсэрч буучихсантай л адилхан. Тэгээд бүр үлдсэн нэгнээ завьтайгаа живсэн ч яадаг юм гэсэн шиг улам бүр живүүлэх бодлого явуулж байна л даа. Уг нь нэг завьтайгаа голын цаад эрэгт гарах гээд л явж байсан хүмүүс шүү дээ. Иймэрхүү бодлого явуулж байгаад үнэхээр гайхаж байна. Аль болох үнийн өсөлтийг буулгаад, ард иргэдийн амьдрал тогтвортой, амьжиргаа нь дээшилж л байх нь голлох хоёр нам, бүгдийнх нь зорилго байдаг. Энэхүү зорилгынхоо төлөө ажиллах ёстой байтал Монгол Ардын Нам   дангаараа   Засгийн газрын эрх бариад, ард иргэдийн өмнө үүрэг хүлээж байгаа цагт нь сөхрүүлээд авъя гэсэн шиг тийм байдлаар  хандаж байна. Үүнийх нь хоморгонд нь ард түмэн өртөж байгаад хариуцлагатай л хандах хэрэгтэй байна.

Нийтлэлч
Б.Бат-Эрдэнэ
Эх сурвалж
Монголын үнэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.