Х.Амгаланбаатар: Компаниуд хувьцаагаа ажилчдадаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАРТАЙ ярилцлаа.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн үр дүн ямар байна вэ?
-МҮЭХ цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэлэлцээрийн хүрээнд бий болгож чадсан анхны тохиолдол энэ боллоо. Өмнө нь энэ асуудлыг хавар юм уу намар цалинг төдөн хувь нэмэгдүүл гэж уриа, лоозон барьж, жагсаал хийж, төсөв батлагдсан хойно шаарддаг байсан. Үүнийг Засгийн газар хүлээн авч, ямар нэг тооцоо судалгаагүйгээр цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байсан. Харин энэ удаад бид анх удаа төсөв гарахаас өмнө асуудлаа гаргаж, төсөвт суулгуулж чадлаа. Одоо шинээр төсөвт суулга гэж шаардаагүй. Төсөвт суулгасан бэлэн байгаа зүйлийг л даруй нэмэхийг шаардаж байгаа. Гуравдугаар сарын 1-нд цалин нэмэгдэх шийдвэр гарч, төрийн албан хаагчдын сарын сүүлийн цалин нь нэмэгдэж орсон.
-Цалин нэмэгдэхэд хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг иргэд орхигддог. Цалингаа нэмсэн хувийн хэвшлийн аж ахуй нэгж байна уу?
-Оны өмнө болон он гарангуут цалингаа 10-25 хувиар нэмэгдүүлсэн хувийн хэвшлийнхэн цөөнгүй байгаа. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 40 хувь хүртэл нэмэгдүүлсэн тохиолдол ч байна. Огт нэмээгүй байгууллагууд одоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ асуудалд тухайн байгууллага дээр ажилладаг үйлдвэрчний эвлэлийн нэгжийн байгууллага нь ажил олгогчтой хамтын гэрээ байгуулах шаардлагатай. Уг гэрээнд бусад газар цалинг нэмэгдүүлж байна. Манайд нэмэгдүүлэх бололцоо байгаа. Тиймээс төдөн хувиар нэмэгдүүлье гэж саналаа тавьж, хамтын гэрээний дагуу нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
-Үйлдвэрчний эвлэлийн холбоог зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхийг шаарддаг байгууллага гэх ойлголт хүмүүст байдаг. Тэгэхээр энэ байдлаас хэзээ гарах вэ?
-Олон улсад үйлдвэрчний эвлэлийн хандлага хэд хэдэн чиглэл рүү явж байна. Үүнийг багцалж хэлбэл “Зохист хөдөлмөрийг ажлын байр бүрт бий болгоё” гэсэн зарчмын дагуу ажилладаг. МҮЭХ сүүлийн гурван жилийн хугацаанд зохистой хөдөлмөрийг бий болгохоор ажиллаж байна. Үүнийг бий болгоход нэгдүгээрт, тухайн хүний хөдөлмөрийн нөхцөл эрүүл, аюулгүй, хоёрдугаарт, авч буй цалин нь өөрийнх нь болон өрхийн гишүүдэд хүртээмжтэй, гуравдугаарт, нийгмийн түншлэл эрүүл байх ёстой. Эцэст нь тухайн хүн нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдсан байх учиртай.
Цаашилбал, ажиллаж буй чиглэлээрээ мэргэшиж, боловсрох нөхцлийг бий болгох зэрэг зүйлийг агуулж байвал дэлхий нийтээрээ зохистой хөдөлмөр эрхлэлт бий болсон гэж үздэг. МҮЭХ хамтын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд иргэдэд өнөөдөр хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал болох монгол хүний үнэлэмж, цалин орлогыг нэмэгдүүлэхээс ажлаа эхлэх нь зөв гэсэн гаргалгаа хийсэн.
Ядуурал их байгаа энэ үед шалтгаан нь юу вэ гэж асуувал, эдийн засгийн ойлголттой хүн бүр ажилгүйдэл гэж хэлнэ. Ажилгүй хүн ядуурна. Ажлын байр байхад яагаад ядуурлыг бий болгоод ажил хийхгүй байгаа юм бэ гэж хүмүүс гайхдаг. Гэтэл ажил хийгээд авч буй цалин нь хэт бага учраас хүмүүс ажил хийх сонирхол өндөр биш.
Бага цалин авч боолын хөдөлмөр эрхлэхийг залуучууд хүсэхгүй байна. Тиймээс монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс цалингийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Мэдээж ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн асуудал үүнд багтана. Өнөөдрийн нөхцөл байдалд МҮЭХ цалин, тэтгэврийн асуудлыг байнга ярихгүй байхын аргагүй. Ер нь зөвхөн Монголын үйлдвэрчний эвлэл биш аль ч улс орны Үйлдвэрчний эвлэл цалингийн төлөө явдаг.
-Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс МҮЭХ яг одоо бодитой ямар ажил хийж байна вэ?
-Бид иргэдийн цалинг нэмүүлэхээс гадна орлогын нэмэлт эх үүсвэртэй байлгах асуудлыг тавьж эхэлж байна. Энэ нь хувьцаат компаниуд өөрийнхөө хувьцааг ажилчдадаа эзэмшүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр Англи, Герман, АНУ зэрэг улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа. Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх “ESOР’’ хөтөлбөр гэж нэрлэдэг. Тухайн компани ажилчдадаа тодорхой хэмжээний хувьцаа эзэмшүүлснээр хувьцааны ашиг бий болж ажилчид хувь хүртэж эхэлнэ гэсэн үг. Сүүлийн үед төр оролцоогүйгээр бүх аж ахуйн нэгж байгууллагуудыг зах зээлийн зарчмаар нь хөгжүүлнэ. УИХ удахгүй бодлого гаргана. Төрийн өмчийн хувьчлал эхэлнэ гэж яригдаж байгаа.
Яг энэ үед энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл зөв алхам болно. Манай улсад одоогоор энэ хөтөлбөрийг “Голомт”, “Хас” банк үр дүнтэй хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр тухайн байгууллага, аж ахуйн нэгж, ажилчдад олон талын ашигтай.
Бид иргэдийн цалинг нэмүүлэхээс гадна орлогын нэмэлт эх үүсвэртэй байлгах асуудлыг тавьж эхэлж байна. Энэ нь хувьцаат компаниуд өөрийнхөө хувьцааг ажилчдадаа эзэмшүүлэх хөтөлбөр юм.
Олон жил ажиллах тусам хувьцааны ногдол нэмэгдэх учраас чадвартай, чадварлаг ажилчдын тогтвор суурьшил бий болно. Тэгэхээр тухайн байгууллагад ажиллаж буй хүн аль болох идэвхтэй ажилласнаар төдий хэрээр байгууллагын ашиг өндөр болж, өөрийнх нь хүртэх хувь нэмэгдэх талтай. Ажилчид хувьцаатай болсноор зөвхөн цалингаа хүлээх бус орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Тиймээс бид “ЕSOР” хөтөлбөрийн эрх зүйн орчинг бүрдүүлэх хүсэлтийг УИХ-д тавихаар зэхэж байгаа.
Хэрэв эрх зүйн орчин бий болбол татвар төлөх хэмжээг багасгах бололцоотой болно. Учир нь байгууллага ажилчдынхаа цалинг хувьцаагаар өгвөл, түүнийг татвараас чөлөөлөх бололцоо бүрдэнэ. Мөн нэг том компани зах зээлд ноёрхох бус бүх компани хувьцаатай байснаар хувьцаа эзэмшигчийн төвлөрөл буурах зэрэг олон давуу талтай.
-Үйлдвэрчний эвлэлийн холбооны ард иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын нэг хэсэг нь үнэ ханшийн асуудал. Үнийг тогтвортой байлгах үүднээс ямар ажил хийх нь оновчтой вэ?
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага цалин орлогыг хамгаалах ёстой. Нэмэгдүүлнэ гэдэг хамгаалж байгаа нэг арга. Нэмэгдсэн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалах нь бидний бас нэгэн том зорилт болдог. Тэр утгаараа энэ асуудалтай шууд холбогдоно. Гэхдээ хүмүүсийн цалин, орлого нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэдэг онолын бус ойлголт.
Энэ зүйл сүүлийн 20 жил байх ёстой үзэгдэл мэт болсон. Эдийн засагчид хүртэл өөрсдөө хүлээгээд авсан байна. Өнгөрсөн жилээс үйлдвэрчний эвлэлийн холбоо, миний хувьд байнга хэлж буй зүйл бол эдийн засгийн бус энэ буруу ойлголт, хандлагыг өөрчилье гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Хүний орлого нэмэгдэхээр барааны эрэлт нэмэгддэг. Эрэлтийг хангахын тулд нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдэхээр барааны үнэ буурдаг онолтой. Гаднын орнуудад энэ жишиг хэрэгждэг. Гэтэл манай улсад эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр явагддаггүй.
Эсрэгээр байгаа учраас онолын бус энэ буруу хандлагыг зоригтой өөрчлөх цаг нь болсон. Зоригтой өөрчлөхийн тулд төрөөс хүчтэй хяналтыг тавих хэрэгтэй. Энэ асуудалд одоогоор зөвхөн ШӨХТГ анхаарч байна. Гэхдээ ШӨХТГ өрсөлдөөн ихтэй жижиг газарт бус монополь газарт хяналт тавьснаар өргөн хэрэглээний гол бараа бүтээгдэхүүний үнийг барих бололцоотой.
-Хаврын улс төр эхэлж, олон жагсаал цуглаан болж байна. Үүнд МҮЭХ ямар байр суурьтай оролцох вэ?
-МҮЭХ-г зохион байгуулагдаж буй жагсаал цуглаанд татан оролцуулах “хатгаас" ил болон далдаар маш их ирж байна. Харин бид энэ асуудалд хатуу байр суурьтай хандаж байгаа. Учир нь МҮЭХ үндэсний хэмжээний түншлэгч гэдэг том хариуцлагыг үүрч яваагийн хувьд нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоход өөрсдөө хариуцлагагүй хандаж болохгүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай үед асуудалд өөрөөр хандаж болно.
УИХ-ын чуулган эхэлсэн энэ үед асуудал хүндэрсэн байна гэдгийг тал талдаа ойлгож, гарц хайх гэж байхад ажил хөдөлмөр эрхэлж буй гишүүдээ цуглуулж, нийгмийн тогтворгүй байдал үүсгэж, засаг огцор гэж явах нь МҮЭХ-ны туйлын зорилго биш. Манайх хүмүүсийн амьдралыг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, эдийн засгийн тэмцэл хийдэг байгууллага.
МҮЭХ үндэсний хэмжээний түншлэгч гэдэг том хариуцлагыг үүрч яваагийн хувьд нийгмийн тогтворгүй байдлыг бий болгоход өөрсдөө хариуцлагагүй хандаж болохгүй.
Одоо өрнөж буй жагсаал цуглаанд бид оролцоод цалин нэм гэж хэлж болно. Гэхдээ үүний цаад утга нь Засаг огцор гэсэнтэй адил сонсогдох нийгмийн уур амьсгал бүрдсэн байна. Тиймээс бид хамтран ажилладаг түнш болох Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өдөр тутмын сониноор дамжуулж, ямар байр суурьтай байгаагаа УИХ-д сонордуулгаар хүргэсэн.
Өчигдөр Монголын эдийн засгийн чуулганаас гаргасан уриалга, саналыг эдийн засагчид нэгтгэсэн. Харин үүнийг гарахаас өмнө энэ сарын 4-нд бид нэгтгээд УИХ-д өгсөн. Бидний нэгтгэсэн гол зүйлсийн тав, зургаатай яг адил зүйлийг эдийн засагчид уриалга болгон гаргасан байна лээ.