Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.04.02

Х.Амгаланбаатар: Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт суларч байна

 Зарим нэг аж ахуй нэгжүүд цомхотгол хийж, төсвөө хэмнэж байгаа талаар яригдах болсон. Иймэрхүү байдлаар ажлаас халагдах мэдэгдлээ авчихаад байна гэсэн гомдол МҮЭХ-д өдөр бүр ирэх болжээ.

2009 онд дэлхий нийтээр санхүү эдийн засгийн байдал хүндэрч манайд ч хямралын салхи нөлөөлж байсан удаатай. Харин өнөөдөр дэлхийн олон оронд эдийн засгийн өсөлт бий болж байгаа гэх таатай мэдээлэл сонсч байгаа ч Монголын санхүү эдийн засгийн байдал хүндхэн байгааг аль аль талдаа хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Мобиком тэргүүтэй хэд хэдэн томоохон компаниуд цомхотгол хийж эхэллээ гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ удаад уул уурхай, хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллага цомхотгол хийх гэж байгаа тухай мэдээлэл гарч эхэлжээ.  Сүүлийн өдрүүдэд МҮЭХ-нд иймэрхүү мэдээлэл байнга шахуу ирэх болжээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:  “Ажлын байртай холбоотой санал, гомдол цөөнгүй ирж байна. Ялангуяа Мобиком компаниас ажилгүй болох нөхцөл байдалд хүрч мэдэгдлээ хүлээн авчихсан тодорхой тооны хүмүүсийн өргөдөл, гомдол ирсэн. Уул уурхайн салбарт тодорхой бус байгаа. Бөөнөөр нь болон ганц нэгээр нь халах нөхцөл байдал үүсчихсэн ААН, байгууллага, компаниуд байгаа мэдээлэл байна.”

МҮЭХ цалин тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөр, нийгэм ,зөвшлийн гурван талт хэлэлцээрээр дамжуулан эрх баригчдад шаардлага хүргүүлж зарим нэг үр дүнд хүрч байна.

Долларын ханшны савалгаанаас үүдэлтэй иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт суларч байна. Ялангуяа хавар цагт махны үнэ өсч иргэдийн нуруунд хүнд дарамт учруулдаг. МҮЭХ цалин тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлмөр, нийгэм ,зөвшлийн гурван талт хэлэлцээрээр дамжуулан эрх баригчдад шаардлага хүргүүлж зарим нэг үр дүнд хүрч байгааг хэллээ.

Мөн “Боловсрол, ШУ, эрүүл мэндийн салбар, мөн төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ4-ийн хооронд гаа ажиллаж байгаа нийтдээ 109 мянган төрийн албан хаагчдын цалинг 3 сарын 1-нээс нэмэгдүүлэх шийдвэр гаргаад сая 3 сарын сүүлийн цалин дээр цалингийнхаа нэмэгдлийг аваад явж байна.”гэсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээллээр төрийн үйлчилгээний 1-4 хүртэлх зэрэглэлийн болон эрүүл мэндийн салбарынхны цалинг 10%,  харин боловсролын салбарын ажиллагсдын цалинг 15 орчим хувиар нэмжээ. Ирэх 9, 10-р сард дахин нэмэгдэх мэдээлэл байгаа юм. Харин бусад салбарыг олон нийтэд ил зарлахгүйгээр тодорхой үе шаттай нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрчээ.