МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.30

Хувьцаагаар дамжуулан иргэдийн орлогыг нэмэгдүүлж болно

Ажил хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх асуудлаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  МҮЭХ болон эрдэмтэн судлаачид нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

МҮЭХ-оос иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай санал солилцдог боловч үр дүн төдийлөн харагдахгүй байгаа нь нууц биш. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг зохих түвшинд хүргэхийн тулд  “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвтэй хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачидтай өрнүүллээ. Салбар бүрийн төлөөлөл оролцсон энэ удаагийн хэлэлцүүлгээр  эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн амьжиргаа бодит орлогыг нэмэгдүүлэх асуудлыг түлхүү ярилцсан юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Ажилчдын орлогыг нэмэгдүүлэх олон эх үүсвэр байдаг.  Зөвхөн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэхээс гадна хувьцаагаар дамжуулан иргэдийн орлогыг нэмэгдүүлж болно. Тухайлбал: Аж ахуйн нэгж компаниуд өөрийнхөө хувьцааг гаргаж, энэ хувьцааг тухайн байгууллагын ажиллагсдадаа давуу эрхтэй олгож орлогыг нь нэмэгдүүлэх асуудал зарим оронд амжилттай хэрэгжиж байгаа.  Монгол улсын хэмжээнд үйл  ажиллагаа явуулж байгаа Голомт банк, Хас банкны хэмжээнд хувьцаа ажиллагсдадаа эзэмшүүлж орлогыг нь нэмэгдүүлдэг аргыг хэрэглээд эхэлсэн.”

Ажил хөдөлмөр эрхлэгчдийг цалингаас гадна орлогын өөр шинэ эх үүсвэртэй болгох шаардлагатай байгаа юм. Ингэснээр иргэд ажлын байранд найдах биш нийгмийн шинэ баталгаатай болдог. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа энэ туршлагыг дотооддоо нэвтрүүлэх асуудлыг харилцагч байгууллагуудтай зөвшилцөж эхэлжээ.