МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.03.30

Цалингаас гадна орлогын шинэ эх үүсвэр бий болгох шаардлагатай

Цалин орлого шат дараатай нэмэгдсэн ч монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй бага байгаад МҮЭХолбоо шүүмжлэлтэй хандаж байна.  Цаашид харин орлогын шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх ёстой гэж тэд үзлээ.

Монгол улсад ажлын байрыг хамгаалах асуудал зөрчигдсөөр байна. Тухайн хүн жирэмсний амралтаа авах, тодорхой хугацаагаар өвдөх, эсвэл шалтгаангүйгээр ажлын байрыг нь үгүй болгох, булаах асуудал хувийн гэлтгүй салбаруудад байна. Энэ ажлын байраас болж тухайн хүний амьдралын баталгаа урган гарах ёстой. Ажиллагсдыг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл цалинтай ажил эрхлэгч 490.7 мянга, МАА эрхлэгч 280.7 мянга, хувиараа хөдөлмөр эрхлэгч 234.9 мянга, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд тогтмол цалингүй оролцогч 20.2 мянга байдаг аж. Нэг ёсондоо баян, ядуугийн ялгаа Монгол улсад харьцангуй өндөр байгааг олон судалгаа харуулдаг. Ядуурлын түвшинг аваад үзвэл баруун бүсэд 32.5%, зүүн бүсэд 33.3%, хангайн бүсэд 38.8%,  төвийн бүсэд 28.1%, Улаанбаатар хотод ядуурлын түвшин 19.8%-тай байна.

МҮЭХолбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Хүмүүсийн ажлын байрны баталгааг, хангах, хамгаалах  нь МҮЭХолбооны ойрын хугацаанд анхаарах ёстой асуудал. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, даамжруулахгүй байх гол ажил нь ажлын байрны асуудал юм. Улс орны эдийн засаг тодорхой сигналаа өгсөн байна гэдгийг эдийн засгийн форум, сүүлийн хэдэн хоногт болж байгаа үйл явдлууд, үндэсний статистикийн газрын тоон мэдээллүүд тодорхой харуулж байгаа учраас хүндрэлээс гарах арга замыг бүх түвшинд анхаарах ёстой гэж үзэж байна.”

Сүүлийн үед гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасч тэр хэмжээгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, орлого тасрахад хүрсэн гэдгийг судлаачид, эдийн засагчид дүгнэж байна. Ард иргэдийн ажил, амьдрал ганхаж орлого ч муудах болсон. Тууштай амьдралын баталгаа болж чадах ажлын байр хэн бүхэнд хэрэгтэй. Баталгаагүй хэзээ ч ажлаас халахад бэлэн ажлын байр олон байгааг шүүмжилдэг.

Дотоодын аж ахуй нэгж, жижиг үйлдвэрлэгчид иргэдэд очих татварын дарамтыг багасгах хүнс, өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулахын тулд дорвитой ажил хийхийг МҮЭ-ээс шаардаж байна. Ажиллагсдын хувьд цалингаас гадна орлогын шинэ эх үүсвэр бий болгож, тэдний нийгмийн баталгааг хангаж өгөх нь хүн төвтэй хөгжлийн гарц гэдгийг тодорхойлжээ.