МҮЭХ, МАОЭНХ хамтран УИХ-д хандаж сонордуулга гаргажээ
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ХУРАЛД ХАНДАЖ ГАРГАСАН СОНОРДУУЛГА
2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хоёр оронтой тоогоор өссөн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ болон валютын ханшны өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт зэргээс шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар буурч, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамт шахалт улам ихсэж байна. Үүнээс үүдэн бараа бүтээгдэхүүний эрэлт багасаж, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, борлуулалт муудаж эхэлсний улмаас аж ахуйн нэгж, байгууллагууд энэ байдлыг даван туулахын тулд ажлын байрыг олноор цомхотгох, үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоож байгаа нь ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, ядуурал нэмэгдэж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтоход хүргэж байна.
Иймд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, хууль санаачлах, батлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуудлуудыг УИХ-ын хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-д хандан энэхүү Сонордуулгыг хүргүүлж байна.
Нэг.Шинээр гаргах болон сайжруулах шаардлагатай байгаа бодлогын баримт бичгийн талаар
1.Ядуурлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж үр дүнтэй хэрэгжүүлэх
2.Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар баримтлах урт болон дунд, ойрын хугацааны бодлого, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх
3.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх
4.Өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн үр дүнтэй хэрэгжүүлэх
5.Ажлын байрыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагааны чиглэл гаргаж хэрэгжүүлэх
Хоёр.Шинээр батлан гаргах хуулийн талаар
1.Үнэ бүрдэлтийн тухай хууль /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу/
2.Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу/
3.Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
4.Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу/
5.Худалдааны тухай хууль /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу/
6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах /Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрээр тохирсоны дагуу/
7.Ерөнхйилөгчийн санаачилсан “Том төрөөс, ухаалаг төр лүү” шилжих явцыг дэмжин боловсруулсан хуулийн төслүүдийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах
Гурав.Бусад чиглэлээр авах арга хэмжээний талаар
1.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны статус, эрх зүйн чадамжийг дээшлүүлэх
2.Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах мөнгөний бодлогын хэрэгжилтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх
3.Валютын ханшны тогтворгүй байдлын улмаас ард иргэд болон бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг бодитойгоор тооцон тогтоох, тогтоосон хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг судлан үзэх төр хувийн хэвшлийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллуулах,
4.Төрийн өмчийг хувьчлахдаа компанийн засаглалыг хөгжүүлэх, ажилчдад нэмэлт орлого бий болгох зорилгоор компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар ажилчид цалингаас гадна орлогын шинэ эх үүсвэртэй болох нөхцөл бүрдүүлэх
5.Төсөвт байгууллагын цалин хөлс, нийгмийн хамгааллын төсөвлөгдсөн зардалд аливаа таналт хасалт хийлгүйгээр төсөвт зардлыг тухайн байгууллагад бүрэн шилжүүлж байгаа эсэхэд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангуулах
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО