Цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлнэ
Хөдөлмөр, нийгэм, зөвшлийн 3 талт хэлэлцээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, мөн зайлшгүй боловсруулж батлуулах шаардлагатай хууль зэрэг олон асуудлыг авч үзсэн юм.
Энэ жил цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхдээ хувь хэмжээг олон нийтэд зарлахгүй. Энэ нь цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг дагаад өсдөг үнийн өсөлтөөс сэргийлнэ гэж албаны хүмүүсийн зүгээс тайлбарласан. Тэгвэл боловсрол, ШУ, Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдсэн.
Энэ салбарт ажиллаж байгаа иргэдээс авсан мэдээллээр боловсролын салбарт цалин, тэтгэвэр тэтгэмж 15%, эрүүл мэндийн салбар 20%, ШУ-ны салбар 15%-иар өссөн байна. Мөн төрийн албанд хамгийн бага цалинтай иргэдийн цалин энэ 3-р сарын 1-нээс 10 гаруй хувиар нэмэгджээ.
Урьд жилүүдийн туршлагаас харахад цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний хөлс өсдөг тогтолцоо үйлчилсээр ирсэн. Тиймээс үнэ бүрдэлтийн тухай хууль болон цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж МҮЭХ-оос үзэж байгаа юм.
Үнэ бүрдэлтийн тухай хууль нь тухайн бүтээгдэхүүнд ямар ямар орц орсон, ямар дамжлага туулж хэрэглэгчийн ширээнд хүрсэн, ингэхдээ хэдэн төгрөг зарцуулсан гэдгийг зохицуулж бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөс сэргийлэх юм.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Энэ чиглэлээр МҮЭХ-ны зүгээс удаа дараа санал болгож, зарим үед шаардаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр тодорхой тооцоо судалгаа, эхний хувилбарууд тухайн яамд дээр байгаа гэсэн мэдээлэл байна.
Энэ хүрээнд засгийн газар нь дотроо кабенитынхаа түвшинд хөдөлмөр, нийгэм, зөвшлийн үндэсний 3 талт хэлэлцээрийн хүрээнд УИХ-аар хэлэлцэж батлуулах жагсаалтад орсон, оруулах шаардлагатай байгаа “Үнэ бүрдэлтийн тухай хууль” “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль”-ийн боловсруулалтыг яаравчлуулах, хэлэлцэж батлуулах үүргийг Засгийн газар хүлээж байгаа.”
Харин “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль”-иар бол улс орны эдийн засгийн өсөлт, инфляциас хамаараад цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх тогтолцоо бий болох юм. Үүнийг бие даасан хууль болгохын оронд одоо боловсруулагдаж байгаа “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад нэг зүйл, заалт болгон оруулах нь зүйтэй гэж Хөдөлмөрийн яамнаас үзэж байна.
Дээрх 2 хууль боловсруулагдаж амьдрал дээр хэрэгжиж эхэлснээр бараа, бүтээгдэхүүний зохиомол үнэ бий болохгүй, иргэдийн цалин, мөнгө үнэгүйдэхгүй болно гэж тайлбарлаж байна. Цалингийн нэмэгдлийн тухайд 40 хүртэл хувиар цалингаа нэмсэн хувийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн байна.