УИХ-ын гишүүд саналаа дараах байдлаар илэрхийлэв
УИХ-ын гишүүд саналаа дараах байдлаар илэрхийлэв
2014.04.08

УИХ-ын гишүүд саналаа дараах байдлаар илэрхийлэв

Хаврын чуулганаар хэлэлцэх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд саналаа дараах байдлаар илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дур дураараа янз бүрийн юм батлагдаад улс орон замбараагүй болж дууслаа. Эрх баригчид нь эрх баригчид шиг, байнгын хороо нь байнгын хороо шиг, УИХ нь УИХ шиг ажиллах хэрэгтэй байна. Энгэрийн товч байх ёстой газраа байх ёстой ч одоо бол бөгсөн дээр, хүйсэн дээр хадаад байна. Хуулийн төслийн шаардлага хангаагүй, Засгийн газраас санал аваагүй хуулийн төслийг хэлэлцүүлэх гээд зүтгээд байна. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж сур. Хуулийн шаардлага хангаагүй Хамтын тэтгэврийн тухай хуулийг яагаад зүтгүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: УИХ-ын намрын чуулганаар газрын тосны тухай хуулийн төсөл Засгийн газраас оруулж ирсэн. Маш түүхий, шүүрхий хууль байсан. Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, эрдэмтэн судлаачдыг хамруулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 5-6 сар нухаж байж маш сайн хууль болгосон. Эхний хэлэлцүүлгээ хийгээд эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн байсан.

Санал дүгнэлтээ аваад санал хураахад л батлагдах хууль байсан. Гэтэл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас энэ асуудлыг хассан байна. Засгийн газраас эргүүлж татсан гэсэн. Яагаад ажлын хэсэг, байнгын хороондоо мэдэгдчихэж болоогүй юм. Цаг хугацаа зарцуулж, улсдаа хэрэгтэй хууль боловсруулж байхад яагаад эргүүлээд татчихав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Чухал хуулийн төслүүд хаврын чуулганд орсон байна. Эрүүл мэндийн даатгалын хууль намрын чуулганы сүүлчээр хэлэлцэж байсан. Нийгэмд маш хэрэгтэй байгаа энэ хууль бусад гэсэн хэсэгт орсон байх гэж найдаж байна. Эрүүл мэндийн салбарын хариуцлага, үр дүнг сайжруулах энэ хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх боломж байгаа байх. УИХ-ын дарга болон нийт гишүүдэд энэ хуулийг эртхэн хэлэлцэхийг сануулж байна.

УИХ-ын Ж.Энхбаяр: Бидэнд уртаашаа 130 тэрбум төгрөг байгаа. Гэтэл 243 обьектийг царцаасан байгаа. Хэлэлцэх гэж байгаа Хамтын тэтгэврийн хуулиар 200 тэрбум төгрөгийн асуудал гарч ирч байна. Үүний санхүүжилтийг хаанаас олох юм.

Царцаасан обьектуудаа бүр болиод бусад урсгал зардлаасаа нэлээд танаж байж энэ хууль хэрэгжих нь. Хэлэлцэх асуудлын жагсаалтад одоогийн эдийн засгийн хүндрэлийг давах тухай асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл эрх баригчид байгаа онохгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байхад эдийн засгийн өсөлтийг хурдасгах тухай хэлэлцэнэ гэж байгаад санал нэгдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуултын жагсаалтыг намрын чуулганаар хэлэлцээд батлаад бэлэн болгочихсон байх ёстой. Энд УИХ-ын чуулганы хариуцлагагүй байдал харагдаж байна. Хэлэлцэх асуудалд сэтгэл дундуур байна. Эдийн засагт хямрал бодитой нүүрлэсэн. Хямралаас гарах арга замыг нэн түрүүнд хэлэлцэх ёстой. Гэтэл хэлэлцэх асуудлын гуравдугаарт эдийн засгийг идэвхижүүлэх асуудал гэж орсон байна. Бид идэвхижүүлэх бус хямралаас гарах тухай асуудлыг хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулинд ялгавартай хандаж болохгүй. Манай намын гишүүдээс санаачилсан хуулийг төсөв мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хэлэлцдэггүй. 2011 оны арваннэгдүгээр сард эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Ардчилсан нам завсарлага аваад одоо хүртэл хэлэлцээгүй байна. Шалтгаан нь мөнгө алга, мөнгөтэй холбоотой хуулийг хэлэлцэхгүй гэдэг. Тэгсэн хэрнээ УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн 200 тэрбум төгрөг шаардагдсан хуулийг болохоор дараалал алдуулж, урдуур зүтгүүлээд байх юм.

УИХ-ын гишүүн А.Бакей: Өргөн мэдүүлэгдсэн хуулийг л хэлэлцэх журамтай. Нам эвслийн бүлгээс байнгын хороодоос санал авахад 250 санал ирсэн. Бүх саналыг нэг чуулганд хэлэлцэнэ гэж байхгүй. Хөрөнгө мөнгө, санхүүгийн талаас ч хязгаарлагдана. Мэргэжлийн байнгын хороодын саналыг үндэслээд нэн тэргүүнд хэлэлцэх ёстой хуулийг хаврын чуулганд оруулж ирсэн. Ялгавартай хандаж байгаа юм байхгүй.

АН-ын бүлгээс санал авахад 38 хуулийн төсөл ирүүлэхэд долоог нь өргөн мэдүүлсэн байсан. Үүнээс гурвыг нь энэ хаврын чуулган оруулсан. Харин МАН-аас 26 хуулийн төсөлд санал өгснөөс долоо нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс дөрвийг нь хаврын чуулганд оруулж ирлээ. Ялгавартай хандсан юм байхгүй шүү. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл бол өмнөх Засгийн газар, УИХ-ын үед өргөн мэдүүлэгдсэн. Тиймээс одоогийн Засгийн газраас санал авах хэрэгтэй. Тухайн үеийн зарим санаачлагчид одоогийн УИХ-д байхгүй болсон.