Бондын талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бондуудын зарцуулалт, үр дүнгийн талаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж албан бичиг илгээжээ.
Ирэх хаврын чуулганаар зохион байгуулах энэхүү нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан "Чингис" болон "Самурай" бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох юм байна.
Бондтой холбоотой асуулга тавилаа
Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт бондуудын зарцуулалтын талаар дөрвөн зүйл бүхий асуулга тавилаа. Уг асуулгад:
1. Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын "Чингис бонд, 30 тэрбум иений "Самурай" бондын хэд нь Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд бодитойгоор орсон тухай
2. Хөгжлийн банкин дахь "Чингис" болон "Самурай" бондын хөрөнгө, түүнчлэн тус банкны бусад ашиглагдаагүй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс ямар нөхцөл, шалгуураар хэдий хэмжээний хөрөнгийг арилжааны банкуудад байршуулсан тухай
3. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын өрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хүрсэн тухай
4. Төсвийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т "Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна" гэж заасны дагуу бондын хөрөнгийн эх үүсвэрийг хэзээ, хэрхэн улсын төсөвт тусган хуулийн зөрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Н.Батбаяр сайдаас хүсчээ.
Хуульд заасны дагуу асуулга хүлээн авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй.