УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.04.02

УИХ-ын гишүүнтэй ярилцах цагаар Г.Баярсайхан оролцов

УИХ-ын тамгын газар, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэн хүргэж байгаа УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцлоо.

-  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдан гарсан хууль тогтоолуудын хүрээнд ярилцлагаа эхэлье. Тэгэхээр “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт нь юу байсан талаар тайлбар хийж өгнө үү?

- Баярлалаа. Намрын чуулганы хугацаанд байнгын хорооноос багагүй ажил хийсэн. Манай байнгын хороо нийтдээ  9 удаа хуралдсан. Хуралдаан дунджаар 60.7%-ийн ирцтэй байсан. Нийтдээ 19 асуудал хэлэлцсэн байдаг.

Бид байнгын хорооны хуралдааны явцад байнгын хорооноос 9 тогтоол гаргасан. 9 тогтоол гаргахдаа 8 удаа санал, дүгнэлт гаргасан. Эдгээр бол бүгд бидний тухайн хуралд хэлэлцэж байсан асуудлуудтай холбогдож гарсан санал, дүгнэлт, тогтоолууд байгаа. 

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж нэмэлт өөрчлөлтийг оруулан хуралдсан.  Энэ хуулийн гол санаа нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байдаг.  Энэ хороог Ерөнхийлөгч хуулийнхаа дагуу толгойлж ажиллаж байсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн агаарын бохирдолтой тэмцэх нь зүйтэй гэсэн гол санаа явж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах талд гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу МУ-ын Ерөнхий сайд өөрөө гардан хариуцаад хяналт тавьж ажиллах нь зөв зүйтэй. Гол санаа нь МУ-ын Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнд эрх мэдэл нь шилжсэнтэй холбогдуулж бид энэ хуулийн төслийг баталсан.

Нөгөө талаар  байнгын хороонд хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл байгаа. Энэ нь газрын тухай шинэчилсэн хуулийн найруулгыг бид байнгын хороон дээрээ ажлын дэд хэсэг байгуулан ажиллаж байгаа. Газар бол Монгол улсын оршин тогтнох үндэс. Энгийнээр хэлбэл газрын асуудал бол нэг хурлаар оруулаад хэлэлцээд батлаад явчихдаг зүйл биш.

Энэ бол улсын оршин тогтнох үндэс учраас маш нухацтай хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд мэтгэлцээн явуулах хүртэл нарийн хэлэлцэх зайлшгүй хэрэгтэй байдаг. Ийм учраас манай байнгын хороон дээр  ажлын дэд хэсэг хуралдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг нэг удаа хуралдсан.

Төрөөс газрын талаар баримтлах нэгдсэн бодлого байдаггүй. Өнөөдөр газрын хуулийг хэлэлцэх явцад газрын нэгдсэн бодлого үгүйлэгдээд байгаа юм. Магадгүй газрын нэгдсэн бодлогоор дөрөөлж УИХ-д оруулж батлуулаад явсны дараа “Газрын тухай багц хууль”-иа хэлэлцээд явах нь зүйтэй юм болов уу гэсэн байр суурийг миний бие болон дийлэх гишүүд баримталж байгаа.

-   Нийслэлд газар өгчихсөн байдаг. Нөгөө хүмүүс нь энд барилга барьж болохгүй гээд байнгын зөрчил үүсч байдаг. Энэ хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүй байсантай холбоотой юу?

- Монгол улсын газрын сангийн маш бага хувийг хотын газар эзэлж байгаа. Дийлэнх газар нь хөдөө аж ахуйн бэлчээр, газар тариалангийн талбай гэх мэт газрын санд бүртгэлтэй байгаа газрууд эзэлдэг.

Тэгэхээр газрын асуудалд Монгол улсын  ЗГ-аас оруулж ирсэн төсөлд газар тариалангийн талбайг өмчлүүлэх асуудал яригдаж байгаа.  Мөн бэлчээрийг, эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал яригдаж байна.  Тэгэхээр нийгэм эдийн засгийн ийм хөгжлийн шатанд газар тариалангийн асуудлыг шууд ярих нь цаг үеэ олоогүй арай эрт орж ирж байгаа юм болов уу гэсэн бодол төрүүлж байна.

Миний хувьд газар тариалангийн талбайг ашиглуулах асуудалд  нэлээд ач холбогдол өгөөд 40, 60, 100 жил хүртэл хугацаагаар ашиглуулах асуудалд арай эрт анхаарах нь зүйтэй болов уу. Тэрнээс биш шууд газар тариалангийн талбайгаа өмчлүүлвэл цаашид энэ бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад худалдах зам нь нээлттэй болно. 

Монголчууд бидний экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, үйлдвэрлэх гол эх үүсвэр болсон газар тариалан гаднаас хараат болох, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц хэмжээний нөхцөл байдал үүсэх магадлал байгаа. Нөгөө талаар бэлчээрийг өмчлүүлэх асуудал өөрөө их ноцтой асуудал.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...