Эдийн засгийг шалан дээр хэвттэл, нам болтол нь унагаасан
УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намын удирдлагууд төрийн ордонд уулзлаа. Уулзалтаар эдийн засгийн өнөөгийн байдал болон улс төрийн намуудын тухай шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар санал солилцлоо.
МАН-аас зохион байгуулсан УТН-уудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтад 13 намын төлөөлөл оролцлоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: "Эдийн засгийг шалан дээр хэвттэл, нам болтол нь унагаасан. Эрүүл мэндийн хэллэгээр яривал сэхээн амьдруулах тасагт МУ-ын эдийн засаг ороход бэлэн болсон."
Долларын ханш улам өслөө, гадаадын хөрөнгө оруулалт 54%-иар буурлаа, ядуурлын түвшин 37%-д хүрлээ, хувийн хэвшлийнхэн 573 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх боллоо зэргээр тайлбарлав. Энэ мэт эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан салбарын сайд нарт хариуцлага тооцох тухай асуудлуудыг дахин хөндөнө гэдгээ хуралд оролцогчид хэлж байлаа. Мөн энэ удаагийн хурлаар улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой саналууд гарч байв.
Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн С.Баярцогт байгаа нь буруу гэж тэд үзэж байна. Учир нь ёс зүйн асуудлаас болж УИХ-ын дэд даргын суудлаас чөлөөлөгдсөн хүн энэ хуулийн төслийг ахалж болохгүй. Ажлын хэсгийг татан буулгаж шинээр томилох нь зүйтэй гэж онцоллоо. Мөн энэ үеэр сөрөг хүчний тухай хуультай болох шаардлагатай гэж санал гарч байлаа.