Д.Оюунхорол: Хөрөнгө оруулалт 54 хувиар буурчихлаа
УИХ дахь МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хөрөнгө оруулалтын хуулиад батлагдсан атлаа гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өсөхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ, эдийн засгийн хүндрэлийг үүнтэй холбон тайлбарлаж болох уу?
-Эдийн засгийн хүндрэл нүүрлэх тухай МАН-ын бүлгийн гишүүд 2014 оны төсөв хэлэлцэх үеэс эхлээд л ярьж байна. Эрх баригчдад хандсан маш олон мэдээлэл, мэдэгдлийг ч гаргасан. Гэтэл өнөөдөр хүртэл явсаар эдийн засаг маш хүнд байдалд орчихлоо. Судлаачид, эрдэмтэд, эдийн засагчид, мэргэжлийн байгууллагуудын гаргасан олон тоо үзүүлэлт ч үүнийг баталж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд одоогийн байдлаар 54 хувиар буурчихаад байна. 2013 оны төсөв хэлэлцэж байх үед гадаадын хөрөнгө оруулалт 40 орчим хүвиар гадагшилчихлаа гэж үзэж байсан. Мөн 2014 төсөв хэлэлцэж байх үед гадаадын хөрөнгө оруулалтыг 42 хувиар буурлаа гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр 54 хувь болжээ. Ер нь хөрөнгө оруулалтаа татах гэж хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх арга хэмжээг УИХ-аас авсан. Харамсалтай нь үр дүн алга.
-Өмнө нь Засгийн газрын 2 сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. Ийм зүйл дахиж болох уу?
-Эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг эхлээд сонсоно. Өмнө нь бид Засгийн газрын 2 сайдыг огцруулах асуудлыг тавьсан ч аваад үлдчихсэн. Эдийн засгаа ингэтэл нь хүндрэлд оруулсан 2 сайдтайгаа хариуцлага тооцож чадахгүй олонхоороо түрий барьсан. Одоо ард түмэн дүнгээ тавих байх.
-Оюутолгойн хөрөнгө оруулалт дахиад гацчихлаа. Энэ асуудалд МАН ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь бол Тавантолгой, Оюутолгой гэсэн том төслүүд цаашид хэрэгжих хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчдын зүгээс хийж байгаа зөв санал санаачилгыг манай нам үргэлж дэмжиж ирсэн. Эдгээр төслүүдэд цаашид ч хориг тавихгүй. Хэрэгжиж байж л манай улсад орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэж, эдийн засагт нөлөө үзүүлнэ.