М.Энхболд: Бидний сануулгыг сонсохыг хүсээгүй
МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд дотоод хүчин зүйлээс үүдэлтэй нөлөөллөөс шалтгаалсан хэмээн дүгнэсэн юм. Ингээд М.Энхболдоос уг хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон шалтгааны талаар сонирхлоо.
-Эдийн засгийн хүндрэлийн бурууг ямар учраас дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн үндэслэл нь юу вэ?
-Эдийн засгийн байдал хүндэрч буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд гадаад байдлаас гэвэл зарим нэг экспортын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй холбоотой бага зэргийн л нөлөөлөл байна. Хөрш орнуудад эдийн засгийн байдал хямралын байдал орчихсон, тэр нь нөлөөлөөд байгаа зүйл алга. Тэгвэл төр засгийн алдаатай бодлогын уршгаар эдийн засаг ийм байдалтай болсон гэж дүгнэхээс өөр шалтгаан алга. Жишээ нь, үнэ тогтворжуулах нэрийдлээр улсын жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн компанид гаргаж олгосон. Хөтөлбөр төсөл нь бэлэн болоогүй байхад гадаадаас их хэмжээний өр зээл авсан, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээний гадаад өр төлбөрт орчихсон байдалтай байна. Эдгээр засгийн газрын бодлогын үр дүн нь өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг 11 хувь болгож байгаа, бараа материалын үнэ нэмэгдэж байгаа, валютын ханш өсч байгаа явдал юм. Валютын ханш сүүлийн таван жилд 1300 орчим төгрөгөнд тогтвортой байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд 1780 болж гуч орчим хувиар өссөн байна. Валют ашигладаг бүхий л аж ахуй нэгжүүдэд хүндрэл бэрхшээл учирч байна.
-Сөрөг хүчний хувьд эдийн засгийн хүндрэл бий болоход тодорхой хэмжээгээр үүрэг хариуцлага хүлээх ёстой болов уу?
-Бид эдийн засагт нөлөө үзүүлэх зүйлсийг болж байгаа үед нь хэлж, сануулж байсан. Сөрөг хүчин дуугүй суусан гэж хэлж болохгүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулган дээр энэ 1,5 тэрбум ам. долларын бонд арилжаалан оруулж ирж байгаа чинь эдийн засгийн тооцоо судалгааны хувьд зөв үү. Үүнд ямар нэг болгоомжлол алга уу гэдгийг нь Эдийн засгийн сайдаас өөрийн биеэр асууж байсан. Монгол Улсад Эгийн голын усан цахилгаан станцаас өөр дэлхийн хэмжээний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өөр төсөл хөтөлбөр байхгүй шүү дээ. Энэ их мөнгөөр юу хийх гээд байгаа юм бэ гэж асууж байсан. Гурван их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжүүлэх үндсэн чиглэл нь УИХ-аас гарсан боловч ийм их хэмжээний мөнгийг зарцуулна гэдгийг нь хэрэгжүүлж эхэлсэн хойно нь л мэдсэн. Бид хэлж сануулж явсан. Харамсалтай нь эрх баригчид олонхиороо түрий барьж, сөрөг хүчний хэлж зөвлөсөн зүйлийг ойшоогоогүй. Сүүлийн үед засгийн эрхийг барьж буй нөхөд эдийн засаг хэвийн, иргэдийн амьдрал сайн байна гэх байдлаар тайлбар хийж байна. Иймд бид өнөөдөр иргэдийн хэлэлцүүлгээр нөхцөл байдал ямар байгааг хүргэхийг зорьж байна.