Бүх юм чиний гарт
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.04.01

Бүх юм чиний гарт

Жигмидсүрэнгийн Чинбат: Таны анхны мөрөөдөл?

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин: Яг анхны мөрөөдлөө бол сайн санахгүй байна. Социализмын үед хүүхдүүд нэг ижил, үзэл сурталжсан мэдээлэл авдаг байв. Одоо эргээд санахад ангийн найзууд бүгдээрээ сансрын нисгэгч болох гэж мөрөөддөг байлаа. Ухаан орж, юмны учир гадарлаж эхэлсэн үед монгол хүн сансарт анх нисч таарсантай холбоотой байх. Харин сансрын нисгэгч болно гэсэн мөрөөдөл надад номонд дурлах, ном унших дадал суулгасан. Тэр үед орос хэлнээс орчуулсан сонирхолтой астроном, сонирхолтой физик гээд номнууд байдаг байлаа. Дээр нь зөгнөлт зохиолуудын амтанд орсон доо. Арай том болсон хойноо цагдаа цаашлаад тагнуулч болъё гэж мөрөөддөг байв. Тэр үеийн хүүхдүүдийн ойлголтоор Америк гэж нэг аймшигтай дайснууд байна, дарга нь Рейган. Түүнийг устгачихвал бид сайхан амьдрах гээд байна ухааны юм л бодно шүү дээ. Эргээд бодоход хүүхдийн гэнэн мөрөөдлүүд хүртэл улс төржсөн, үзэл сурталжсан өнгө аястай байж. Боловсролын тогтолцоонд хүний авьяасыг нээж олох, мөрөөдлийг нь тухайн эзнийх нь зорилго болгож хувиргах чиглэлийн бодлого илт учир дутагдалтай, нэг хэвэнд цутгачихсан юм шиг хүмүүсийг бэлтгэж байж. Хүн болгон өөр, өөрийн мэдрэмж, авьяастай. Авьяас сонирхлын нь дагуу хүнийг хөгжүүлэх сургалтын технологи өнөө хэр үгүйлэгдэж байгаа нь анзаарагддаг. 

Ж.Ч. Энэ асуудлыг хамгийн амар дөтөөр шийдэж болох арга зам байгаа болов уу? Заавал төрийн оролцоо, боловсролын шинэчлэлт гэхээс өмнө хүмүүсийн өөрөө ухамсарлаад шийдэх зүйлс байж болох юм.

Х.Т. Хувь хүний хөгжил тухайн хүний өөрийнх нь хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээс шалтгаална. Хүмүүсийн өөрсдөө дотроосоо хүч чадалтай байх тэр боловсролыг их дэмжмээр санагддаг. Жишээ нь, би жирийн нэгэн хувь хүнийг өргөмжилж, хүч чадал, хүсэл тэмүүллийг нь бадрааж, урам зоригийг нь өргөж өгөх үзэл санааг тээж яваа урлагт сэтгэл татагддаг хүмүүсийн нэг. Б.Лхагвасүрэн гуайн “Атга нөж”, “Тамгагүй төр” гэдэг жүжгүүдийг үзэхэд их гоё үг хэллэгээр хүмүүсийн тархи руу санаагаа гүн зураад хийж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Харин жүжгийн дараа хүмүүсийн толгойд “Би бол хэн ч биш юм байна. Нийгэм, хөгжил дэвшил гэдэг надаас үл шалтгаалах тусдаа хүмүүсийн ажил юм“ гэх маягийн ямар нэгэн эзний тухай үзэл сууж үлддэг. Үүний цаана хүмүүс өөртөө итгэж амьдрахын оронд өөр хэн нэгэн, эсвэл юу ч юм миний амьдралыг сайхан болгоно гэдэг горьдлого тээсэн утга зохиол яваад байх шиг. Уг нь яаж хүмүүсийг оролцоотой болгох вэ, яаж өөртөө итгэл үнэмшилтэй, дотоод хүч чадалтай болгох вэ гэдэг асуудал орчин үеийн урлагийн шийдэл баймаар.

Ч.Т. Өөрөөсөө өндөр ямар нэгэн илүү хүчтэн, бүтээгчийг бий болгосноороо хүмүүс голоо зогоож, урагшлах хүчээ олж байж болно. Хүний дотоод эрч хүчийн цэнэг нь таныхаар юу юм бол оо?

Х.Т. Хүн юунд итгэж, юуг өөрийнхөө дотоод хүч чадал болгох вэ гэдэг бол тухайн хүний л сонголтын хэрэг. Би бол шашингүй үзэлтэн. XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн философийн том өөрчлөлт бол экзиссентиалист урсгалын хамгийн чухал шинж чанар буюу “Хүн чинь өөрөө бурхан юм биш үү” гэдэг үзэл санаа юм. Үүнээс үүдээд либериализм гэж яриад байгаа эрх чөлөөний үзэл хүчтэй гарч ирлээ шүү дээ. Тийм учраас хувь заяагаа хөтлөх эзэн хайх шаардлагагүй гэж би үздэг. Нэгэнт би өөрийнхөө эзэн юм бол алдаа эндэгдэл ч минийх, гавьяа шагнал ч бас минийх болно. Алдчихаараа бусад руу чихдэггүй, хэн нэгний оноог өөрийнхөө гавьяа болгох гэж булаалддаггүй байх нь шударга юм байна гэдэг үзэл санаа орчин үед ноёлж байна. Мухар сүсгээр биш, эсвэл хэн нэгний ярьснаар бус, өөрөө бодож тунгааж байгаад энэ бол миний эрхэмлэх зүйл юм байна аа гэж олж харж байгаа тэр өнцөг л жинхэнэ итгэл үнэмшил мөн.

Монголчуудын тийм үнэт зүйл гэвэл минийхээр нэгдүгээрт, мэдээж тусгаар тогтнол.

Бид туурга тусгаар байгаа учраас өөрийгөө бусдаас ангид авч үзэх бололцоотой байгаа юм. Хоёрт нь, монголчууд бол азийн бусад үндэстнүүдээс эрх чөлөөний тухай тэс өөр мэдрэмжтэй хүмүүс. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг цилосоци хүчтэй мөрдөгддөг. Гуравт нь, уул нь монголчууд миний бодлоор маш сайхан сэтгэлтэй хүмүүс. Эртний уламжлалаараа нэрээ хичээх үзэлтэй. “Нэр хугарахаар яс хугар “ гэдэг чанар нь, сайхан сэтгэлтэй байдал нь бусадтай хамтарч зөв амьдрах боломжийг бүрдүүлж өгдөг.

Дараагийн нэг санаа нь эрх чөлөөний үзэл санаатайгаа зөрчилддөг боловч зохицолдоод явахаараа сайхан орчныг бий болгож болохоор зүйл. Монголчууд их тусархуу улс. Жишээ нь, говийн айлууд хэн нэгэн ирвэл гээд хоол бэлдэж орхичихоод хаалгаа цоожлохгүй явдаг гэх мэт сэтгэлгээний хэв маяг орчин үед хэлбэрээ зөв олоод явчихвал бид эрх чөлөөтэй мөртлөө тайван, аз жаргалтай амьдрах тийм нийгэм ойрхон санагддаг.

Хүн нэр төртэй, эрхэм амьдрахад их мөнгө шаардлагагүй л дээ. Гэхдээ нэр хүндтэй байхын тулд их мөнгөтэй байх хэрэгтэй гэж боддог хүмүүсийг би буруутгах гээгүй. Хүссэн хүсээгүй бид хөрөнгөт нийгэмд амьдарч байна. Хэдий их хуримтлал цуглуулна, төдий чинээ бусдад туслах бололцоо нэмэгддэг гэдэг талаас нь хардаг.

Ж.Ч. Ч.Эрдэнэ гуайн томъёолсноор төвд төвлөрөх сэтгэлгээтэй монгол үзлийг нэгжээс бүхэл рүү сэтгэдэг барууны сэтгэлгээтэй харьцуулаад үзэхээр либерал үзэл монголчуудын үндсэн сэтгэхүйтэй зөрөлддөг юм шиг санагдах юм.

Х.Т. Энд хоёр зүйлийг ялгаж ойлгох учиртай болов уу? Нэгд, менталитет. Хэн нэгний заасан хувь төөргөөр явах биш, хувь заяагаа өөрөө сонгодог болсон явдал бол орчин үеийн хамгийн дэвшилтэт философийн нэг. Тэгэхээр би өөрийнхөө хувь заяаг сонгох эрхтэй гэж бодож байгаа нөхцөлд надад уугуул үзэл уламжлал тийм байх ёстой гэж тулгасан зүйл байхгүй гэсэн үг. Түүнийг би өөрчилж, түүнтэй зэрэгцэхүйц шинэ юмыг зохиож болно. Тэгэхээр уугуул гэдэг төрх чинь үндсэндээ юу юм бэ? Өөр нөхцөл байдалд амьдарч байсан хүмүүсийн дэс дараалал, нэг, хоёр, гурав дөчнөөн удаа хийсээр дадаж уламжилсан хэв маяг. Гэтэл одоо тэр урьдын нөхцөл нь үгүй болсон. Төрөө дээдэлдэг, төрдөө сүсэглэдэг гэж чи хэллээ. Гурван зуун жилийн өмнө Герман ч гэсэн төрөө дээдэлдэг байж. Таван зуун жилийн өмнөх Европт хүмүүс бас л төргүйгээр яагаад ч амьдарч чадахгүй гэж боддог л байв. Учир нь найман зуун жилийн өмнө нэг хүнийг шүтэх аюултай гэдгийг ойлгоод төрийг дээдлэх болсон. Гэтэл өнөөдөр Европт төрийг эрхэмлэх нь буруу юм байна гэж үзээд хуулийг сонгожээ. Өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа энэ цаг үед уугуул гэдэг, урдаас заяагдсан гэдэг сэтгэлгээний хил хязгаар байх ёсгүй. Төр засаг, нийгэм гэдэг бол зохиомол зүйл. Зохиомол зүйлийг дараа үеүд нь дандаа шинэчилж өөрчилж байдаг. Нэг л зовлон байдаг нь уламжилж ирсэн зүйл ийм байх ёстой гэж турхирч байдаг үзэл сурталжсан хүмүүс байдаг. Тавь жаран жил амьдарсан туршлагаараа ирээдүйн тавь жаран жилийг шийдэх гэдэг тулгалт дээр шинэ хуучин үеийн ялгаа, зөрчил үүсдэг.

Ж.Ч. Бид мөнх тэнгэрийн хүүхдүүд үү? Газар дэлхийн хүүхдүүд үү?

Х.Т. Би ээж аавынхаа л хүүхэд. Цаашдаа юу болох тухай ямар ч мэдлэг, төсөөлөлгүй хүмүүс буцаад урьд үе рүүгээ шилждэг хэмээх онол байдаг. Өнгөрсөн үед л агуу байсан гэж үзэх хандлага манайд бий. Чингис хаан мэдээж агуу хүн байсан байх. Түүхээрээ бахархах, түүнийгээ мэдэх сайхан. Гэвч энэ бол зүгээр л археологи. Музей. Бид музей дотор амьдарч болохгүй шүү дээ. Англи ч юм уу, герман хүмүүсээс таны бахархал юу вэ гэхээр өнөөдөр цуг амьдарч байгаа хүмүүсээ ярьдаг. Бекхэм бол агуу, түүний чадсан зүйлс гайхалтай. Би ч бас тиймэрхүү амжилт гаргаж чадна гэж боддог гээд л. Манай нэг оюутны хэлсэн “Мөхөж буй үндэстэн түүхээрээ, сэхэж буй үндэстэн ирээдүйгээрээ бахархдаг. Бид гацчихсан байна” гэсэн үг надад үнэн санагдсан.

Цогтын Амгалан: Та хуульч хүн бичгийн өндөр соёлтой байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Одоо Монголд бичгийн соёлтой хүн маш ховор болж, дээр дооргүй, төрийн албанд ч гэсэн тодорхой шаардлага тавьдаг байсан нь улирч баларч дээ.


Х.Тэмүүжин: Урьд ч манайд бичгийн соёл тийм дээд зэргийн байгаагүй. Гэхдээ одоогийнхоос харьцангуй дээр байсан болов уу. Манай боловсролын тогтолцоо чинь дэвтрийн системтэй. Гэтэл бичгийн тодорхой стандарт тогтоочихсон улсуудыг харахаар хүүхдүүдийг өөртөө зориулж бичиж байна уу, бусдад зориулж бичиж байна уу гэдгээр нь ангилж бичүүлдэг юм байна. Ихэнх тохиолдолд А4-ийн хэмжээний цаасан дээр ямар хэв маягаар, яаж бичвэл хүнд илүү ойлгомжтой болох вэ гэдгийг загвар талаас нь зааж өгдөг. Харин бид дэвтэр дээр бичдэг. Нэг л дэвтэр дээрээ сурагч бичиж, багш түүнийг нь засч, эцэг эх хянадаг. Хүүхэд хийсэн ажлынхаа аль нь өөрийнх нь, аль нь өөрийнх нь биш гэдгийг ялгаж мэдэхээ байчихаад байгаа юм. Уг нь зөвхөн өөртөө зориулж бичдэг дэвтэр, бусдад хянуулах гэж ажилласан дэвтэр гээд тусдаа байвал хүүхдүүд арай өөр болох болов уу гэж боддог. Оюутнууд цаасан дээр өөрийгөө илэрхийлэх ямар ч чадваргүй орж ирдэг. Иргэдээс ирдэг янз бүрийн өргөдөл захидлууд ч ялгаагүй, өөрийгөө маш сайн илэрхийлсэн, уншихад амар, бас уншиж буй хүнийг хүндэтгэж бичсэн өргөдөл тун ховор. Цаасны булан дээр дайгаад явуулчихсан, утга авцалдаа муутай бичгүүд зонхилдог. Буруу ярьсныг зөвөөр ойлгоно гэгчээр л Монгол улс явж байна даа.

Ц.А. Бүх нийтээрээ компьютержээд байхаар, бичгийн соёл зарим утгаа алдаж байна уу?

Х.Т. Гэхдээ цаг зав гаргаж, сэтгэл тавьж байгаагаа илэрхийлэх гэж цаасан дээр захидал бичдэг хэв маяг байсаар байна. Захиа бичихээ бараг больсон өнөө цагт гараар бичсэн захидал маш их анхаарал тавьж байгаагийн илэрхийлэл болсноороо үнэ цэнэ нь нэг талаар өсч байна гэсэн үг. Бичиг үсгийн соёлтой хүмүүс хувийн тамга тэмдэгтэй болоод эхэллээ. Компьютер дээр тамга тавьж чадахгүй шүү дээ. Тийм учраас цаасаар илүү их харьцдаг, оюунлиг соёл төлөвшиж байна.

Ц.А. Хуульч хүн ажиллах орчныхоо ард түмний менталитетийг сайтар мэдэх ёстой гэдэг утгаараа хуулийн боловсролыг эх нутагт нь эзэмших ёстой юу?


Аливаа үндэстний хууль тогтоомж нь тухайн ард түмний сэтгэлгээний хэв маяг, орчин, зан ааш, заримдаа байгалиас нь хүртэл шалтгаалдаг гэдэг. Тийм ч учраас хуулиуд нь, хуулиа сахих соёл нь бас өөр өөр байдаг байх. Германы хуулийг судалж судалж ирчихээд Монголд ажиллана гэхээр амьдралаас хол. Тэр тусмаа эрүүгийн ч гэдэг юм уу, тусгайлсан зохицуулалт шаарддаг хуулиуд бүр ч төвөгтэй. Надад Сингапурын бодлого сонирхолтой санагддаг юм. Байгалийн шинжлэх ухааны болон инженерийн чиглэлээр боловсон хүчнээ гадаадад бэлддэг мөртлөө нийгмийн чиглэлээр зөвхөн дотоодод бэлддэг. Яагаад гэвэл, энэ чинь манай нийгмийн асуудал учраас нийгмээ илүү сайн ойлгох хэрэгтэй. Бас нэг зарчим нь энийгээ зөрчдөг. Нийгмийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудын багш нарыг гадагшаа явуулж мэргэшүүлж, мэргэжил дээшлүүлдэг. Тэр багш нар нь гадаад ертөнцийн асуудлаас хэрэгтэй гэж үзсэнээ тодорхой бодлоготойгоор боловсролдоо нутагшуулан шингээдэг.

Ц.А. Улс бүрийн хуулиуд өөр өөрийн онцлогтой гэх талаас нь үзвэл монголын хууль хэр сайн бэ?


Х.Т.
Харьцангуй гайгүй ч түүхий зүйлүүд бий. Хамгийн гол нь баталчихсан хуулиа хэрэгжүүлдэггүй. Хууль дагаж амьдардаг соёл бидэнд алга. Албан тушаалтнууд нь өөрсдийгөө хуулиас дээгүүр гэж боддог, хууль байнга зөрчдөг. Жирийн иргэд ч гэсэн болж өгвөл хуулийг тойроод зугтаад гарчих сонирхол ихтэй. Амьдрал дээр хуулиа дагадаг нь тэнэгдүү, донгио ч юм шиг харагдаад, хууль зөрчиж байгаа нь сэргэлэн самбаатай харагдаад байдаг. Манайд сайн хууль байгаа юу гэхээсээ илүү, бид хуулийн дагуу амьдарч чадаж байгаа юу гэдгээ эргэж харах хэрэгтэй. Хууль сахиулагчийг байгаа эсэхээс үл шалтгаалаад би энэ дүрмэнд захирагдах ёстой шүү гэдэг сэтгэлгээ сууна гэдэг бол хуулийн дагуу амьдардаг нийгмийн нэг гол үзүүлэлт.

Ц.А. Тэр ухамсар сайн дураараа төлөвшдөггүй байх аа.


Х.Т.
Боловсролын ид шид тэр шүү дээ. Боловсролын системээ сайн цэгцэлж чадсан улсад жишээлбэл, газар зүйн хичээлийг заахдаа, чи хаана амьдардаг вэ, танай гудамжийг юу гэж нэрлэдэг вэ, гэрийнхээ эргэн тойрны газрын зургийг бусад хүмүүс хэрэглэх хэмжээнд хийгээд ир гэх маягийн даалгавар өгдөг. Асуудлыг өөрөөс нь эхэлж гадагшаа тэлж явж байна шүү дээ. Гэтэл манайд дэлхийн газрын зураг гаргаад, амьдралдаа бараг очиж үзэхгүй тийм юмнуудыг цээжлүүлээд байна. Тиймээс бид Бразилийн нийслэл юу вэ гэхээр бараг бүгдээрээ мэдэх атлаа яг өөрийн чинь амьдардаг гудамж ямар нэртэй вэ гэвэл хэн ч мэдэхгүй.

Боловсролын тогтолцоо өөрөө ахиж явдаг: эхлээд чи хүн байх ёстой, дараа нь чи иргэн байх ёстой, иргэн байгаад зогсохгүй баялаг бүтээгч байх ёстой, улмаар дэлхийн зах зээл дээр тэрийгээ зарж чадахуйц боловсролыг эзэмших ёстой гээд шатуудтай байна. Хүн ч болж чадаагүй хүнд нэг том боловсролын тухай ярьчихаар, өөрийнхөө амьдралыг аваад явчихаж чадахгүй мөртлөө хаа хамаагүй юманд санаа зовсон хийрхүү маягийн болчихдог.

Ц.А. Том компаниудын хуулийн зөвлөх гээд байгаа нөхөд чинь яаж хуулийг зөрчих вэ гэдгийг л заадаг болчихоод байгаа юм биш үү, эсвэл дэлхийн практик ч бас тийм байна уу?


Х.Т.
Билл Гейтс хуулийн хориглосон заалтыг сануулсан хуулийн зөвлөхдөө “Чамд би яах гэж мөнгө төлдөг юм бэ, энэнээс гарах гарцыг л олж өг гэж мөнгө төлдөг болохоос миний хүсэл эрмэлзлэлийг боож хаа гэж мөнгө төлдөг юм уу? Чи ажлаа хий, би ажлаа хийе” гэж хэлсэн алдартай үг байдаг л даа. Хуулийн зөвлөх бол тэр компанийг хуулийн эрсдэлээс хамгийн багаар яаж гаргах вэ гэдэг ажил л хийнэ.

Ц.А. Үүнийг хуулийн цоорхой дээр тоглох гэж хэлж болох уу?


Х.Т.
Ерөөсөө л тэр. Компани болгон тэгнэ. Харин хэтэрвэл шүүх дээр очиж шийдэгдэхдээ хүрнэ. Шүүх тэр компанийн нүдээр биш, хуулийнхаа нүдээр хараад сууж байх ёстой. Хуулийн зөвлөхийн ажлыг шүүгч хийж болохгүй юм. Гэтэл манайд хажуудаа хуулийн зөвлөхтэй бүү хэл шүүгчтэй компани сууж байна. Хоёрдугаарт, үнэхээр салбартаа мэргэшсэн хуульч бол хэзээ ч компанийн хуулийн зөвлөх болдоггүй юм.

“Би өөрийн гэсэн хуулийн товчоотой, та түүгээр үйлчлүүл” гэж хэлнэ. Тэгэхээр компанийн хуулийн зөвлөх чинь жоохон амьтан. Тийм учраас Монголд хуулийн том компаниуд үүсэх ёстой. Тэгэхээр дуртай нь хуульчаа загнадаг биш, харин зөвлөж асуудаг болоод ирнэ. Шүүхэд мөнгө нөлөөлөлгүй болохоор хэн илүү толгойтой нь явдаг. Гэтэл манайд хэн их мөнгө төлсөн нь яваад байна. Хуулийн байгууллагууд нь мөнгөнд автахгүй байвал сэргэлэн, ухаалаг, хуулийн дагуу арга замыг хайдаг хуульчид нь илүү үнэ цэнэтэй болоод эхэлнэ. Манай компаниуд хуулийн зөвлөхөөрөө тэтгэвэртээ гарсан цагдаа, шүүхийн хүмүүсийг авч ажиллуулдаг нь зүгээр нэг хор найруулж зам цэвэрлэдэг этгээдүүд л байдаг.

Ц.А. Энэ тогтолцоог сольё гэдэг дээр тантай үзэл бодол нэгдэж байгаа хүн хэр олон байдаг вэ?

Х.Т. Хангалттай биш. УИХ-ын 76 бол яг энэ системийн талаар ямар ч ойлголтгүй. Үүний эсрэг зогсч байгаа сайд яам ахлаад явж байна. Улс төрийн хүсэл эрмэлзлэл, эрх мэдэлтэй нь энэ өөрчлөлтийг хүснэ. Эрх мэдэлгүй ч толгойтой залуучууд хийнэ. Эрх мэдэлтэй нь хүссэн ч хуучин хүмүүсээрээ хийлгэнэ гэхээр л нөгөө хүсэл нь дампуурчихаж байгаа юм. Би цорын ганц гарц олж харсан нь үе солигдох. Үе солигдохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Сайнтай муутай нь зад арчаад, шинэ үе гарч ирэх ёстой. Хуучин хүмүүс нэг л юм хийж чадна: хүсэл эрмэлзлэл байвал өөртэйгээ адилхан хүмүүстэйгээ хамтдаа зайлах. Одоо 70 оны (70-аад онд төрөгсдийн. Ц.А.) завсрын үе, 80 оны шинэ үе ирж байна. Одоо яам, агентлагийн хэлтсийн дарга нар дандаа дарга нарын хүүхдүүд байдаг. 2016 оны сонгууль бол тэднийх болох юм бол, зүгээр л угсаа залгамжилж байгаа л ёслол болно. Нэг хэсэг нь лифтээр, нөгөө хэсэг нь явган шатаар л өгсөнө дөө.

Ц.А. 80 оны хүүхдүүдэд дутагддаг, бэрхшээлийг даван туулах чадвар хүнд юу өгдөг вэ?

Х.Т. Өмнөө тулгарч байгаа бэрхшээл болгоныг давна гээд л үзэх нь хүнд их том сургамж болж, хүчирхэгжүүлж чаддаг. Өмнөх сорилтоо даваад л байх юм бол хөгжөөд л байна, өөр хэн нэгнээр шийдүүлээд л байвал улцайгаад бөөцийлөгдөөд л яваад байдаг. Гэхдээ залуучуудад зарим хаалгыг нээж өгмөөр санагдаад байдаг юм. Тэгэхгүй бол хоёр, гурван хаалга мөргөөд л дуусахад тэтгэврийн насны хүн байж байх гээд байна. Тэр хаалгануудын зарим нь зохиомол, жам ёсны биш нөгөө дээдчүүлийн хүүхдүүдийг шууд нэвтрүүлэхэд зориулаад аваад хаячихсан хаалгыг авчраад нэмээд тавьчихмаар байгаа юм. Уг нь манайх олон зүйлийг өрсөлдөөнөөр шийддэг болох ёстой. Нийгэм тэр чигээрээ мөнгөний тухай ярьж байгаа ч бид мөнгийг түр зур мартаад, бид цаашдаа яах вэ гэдгээ харах ёстой.

Засвар энд завсарлав.

Ц.А. Та 80-аад оны залуусыг хэр их мэдэх вэ?

Хүн нэр төртэй, эрхэм амьдрахад их мөнгө шаардлагагүй л дээ. Гэхдээ нэр хүндтэй байхын тулд их мөнгөтэй байх хэрэгтэй гэж боддог хүмүүсийг би буруутгах гээгүй.

Х.Т. Хоёр том дүр байна. Нэг хэсэг нь худалдамтгай, өөрийн бодож байгаа зүйлдээ хамгийн богино замаар ямар ч аргаар хамаагүй яаж хүрэх вэ, гэж л бодож байдаг. Их өндөр амбицтай, амбицдаа хүрэхэд хэнийг ч худалдахад бэлэн тийм залуучуудыг олж харахад их амар. Нөгөө хэсэг нь болохоор амбиц багатай, их зантай, намайг тоохгүй бол би тоохгүй гэсэн хэсэг залуучууд байна.

Ц.А. Монголчууд шагналын араас хөөцөлдөх нь намжсан уу?

Х.Т. Үгүй ээ, одоо миний насны залуучууд хүртэл ээж аавыгаа нэг шагнуулчих юмсан, тэрийгээ нэг шагнуулчих юмсан гээд л үзээд байгаа шүү дээ. Тэр нь уламжлаад өөрөө бас нэг шагнуулчих юмсан гээд явах байлгүй. Энийг 90 онд алга болгочих ёстой байсан юм.

Ц.А. Энэ нь бидний үнэт зүйлсийн үнэлэмжтэй холбоотой юу?


Х.Т.
Ер нь үнэт зүйл, үнэлэмж гэдэг чинь манайд ойлгомжгүй яваад байгаа. Шагналын тухай нэг эмч ярьж байхыг би сонслоо. “Мэргэжлийнхээ үүднээс би гавьяат эмч ... –ийг хэзээ ч үнэлдэггүй, гэхдээ танил талтай учраас гавьяат болчихсон. Хүмүүс тэрнийг гавьяат болохоор нь үзүүлэх гээд гүйлдээд байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт мэргэжлийн үнэ цэнийг үгүй хийж байгаа хамгийн аймшигтай зүйл” гэж байна. Урлаг бас тийм болчихлоо. Шүүгч хүнд шагнал өгөхөөр хүмүүс гавьяат гэдэг чинь илүү шударга гэсэн үг үү гэж асууж байна. Ийм учраас шүүгчийг, мэргэжлийн нэр хүндээрээ байдаг эмчийг, багшийг ч гэдэг юм уу, төр шагнаж болохгүй ээ. Тэр дундаа энэ нь гоо зүй дээр гарч ирж байна. Энэ бол гавьяат жүжигчин юм аа, гавьяат дуучин юм аа гээд төр шагналаа өгөхөөр тэрийг огт сонсдоггүй, дургүй хүмүүс, “Яагаад миний төлсөн татварын мөнгөөр миний сонсдоггүй дуучинд гавьяат өгч байгаа юм бэ” гэх эрхтэй.

Манай полуриал нийгэм дотор шагналыг полуриал нийгмийн, иргэний нийгмийн бүтцүүд л өгөх учиртай. Иргэд нийлж байгаад өгч болно, харин Төр өгч болохгүй, төр нь иргэдээ ялгаварлаж болохгүй гэдэг тийм зарчим. Шагналыг дагаж мөнгө өгнө гэж ярих боллоо. Яагаад татвар төлөгчдийн мөнгөөр эмнэлэг, сургууль гээд олон юм хийх ёстой байтал хэн нэгэн хүнд өгөх болж байна? Тэр хүн ядуу байвал тэтгэмжийн системд хамрагдаж болж байна. Гавьяа байгуулсан бол, мундаг бол зах зээл дээр үнэлүүлээд амьдралаа хангалуун аваад яв. Эсвэл нэр хүндээ өсгөөд яв гэх болохоос татвар төлөгчдийн мөнгөөр амьдралынхаа турш тэжээлгэж болохгүй биз дээ. Иймэрхүү сэтгэлгээний хэв маяг хэзээ яаж өөрчлөгдөх вэ, ийм сэтгэлгээтэй залуучууд хэр олон байгаа юм бэ. Хип хопын холбооны ерөнхийлөгч нь соёлын тэргүүний ажилтан авахад би гутаж байсан л даа. Тэгээд тэр нь баярлаад суугаад байдаг. Гэтэл тэр хип хоп нь ийм юмыг хамгийн хурц шүүмжилдэг урсгал байдаг. Ингээд бодохоор Монголд бүх юм хошин шогийн аястай.

Уран бүтээлчид чинь зах зээл дээр өөрсдийгөө зарж, жирийн хүмүүсээс хамаагүй орлоготой амьдарч байх ёстой байтал, төрд би ажиллаж байна, төр намайг цалинтай болго гэдэг нь юу гэсэн үг вэ. Төрийн уран бүтээлч гэж ер нь хэн байдаг юм бэ. Төрийн дэмжих ёстой зүйл бол иргэд хэвийн ёс зүйтэй байх соёл, олон нийтийн эрүүл мэнд боловсрол. Алдартай уран зураачийн уран бүтээлийг биш харин хүүхдийн үзэсгэлэнг төр дэмжиж байх ёстой. Нэртэй зураач миний цалин бага байна гээд байхыг би гайхаад байна л даа. Үнэхээр л сайн зураач юм бол бүтээлээ зах зээл дээр борлуулаад хангалттай сайхан амьдарч байх ёстой шүү дээ. Чадалтай хүн төрд ажилладаггүй гэсэн зарчим зах зээлийн дүрмэнд байдаг. Хүний зааснаар биш, өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээр л ажилладаг. Чадал багатай хэсэг нь төрд ажилладаг, бүр чадалгүй хэсэг нь халамжаар амьдардаг. Төрийн тусламж шаардлагагүй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд л бодлого байх ёстой.

Ойрын ирээдүйн тухайд...

Ж.Ч. Шинэ монгол гэдэг үг таны хувьд юу илэрхийлэх вэ?


Х.Т.
Өөрийгөө хөгжүүлж урам зоригтой болох тухай асуудлыг бол дэмжинэ. Ертөнцөөс өөрийгөө тусгаарлаад, Монгол бол агуу гэх атлаа бусад хүмүүстэй өрсөлдөх чадваргүй, Монголд ийм байх ёстой гэж бусдыг хохироох юм санаачилдаг нөхцөлд дэмжихгүй ээ. Шинэ монголчууд дэлхийн хүн байгаасай аль ч улсын ажил олгогч Монгол хүн гэхээр ур чадвар гэж хүлээж авдаг болоосой гэж би хүсдэг.

Ж.Ч. Сул доройгоо энэрэн хайрлана гэдэг байгалийн эсрэг гэмт хэрэг гэдэг үг байдаг. Тэжээгдэх сэтгэхүйтэй болсон хүмүүсийг хөдөлгөх ямар арга байж болох вэ?

Х.Т. Нэг бол халамжлах, нэг бол ташуурдах гэдэг хоёрхон арга байх албагүй. Боловсрол гэдэг бол ид шид шүү дээ. Хүмүүсийг гэгээрүүлж байж амжилтанд хүрдэг болохоос биш айлган сүрдүүлж, бүүвэйлж унтуулж байж амжилтад хүрэхгүй. Энэрэн хайрлахыг би буруутгахгүй, харин бусдыг энэрэн хайрлахын тулд чи боломжтой байх ёстой. Өөрөө хэзээ ч тусалж чадахгүй байж зовж байгаа хүмүүсийг магтан дуулахаа болих ёстой. Яагаад энэ хүн нийгэмд амьдарч чадахгүй байгаа учир шалтгааныг олохоосоо өмнө “Ядуу хүмүүсийн төлөө” гэж нийгмийн хөгжлийг боомилж болохгүй.

Ж.Ч. Ийм нийгэмд сүйхээтэй хүмүүс тоглож чадсанаар өнөөдрийн засаглал бий болов уу?.


Х.Т.
Ардчилал урт хугацаанд тогтвортой, тэгэхдээ үр ашигтай байхын тулд дундаж бүлгийг илүү анхаарах учиртай. Хүн амын дор хаяж тавин хувь нь дундаж байх ёстой. Тэгэхээр нэг зээрэнцэг хэлбэрийн нийгмийн бүтэц бий болох юм. Гэтэл манайх бол лийр шиг доошоо цүлхийгээд унжчихсан, зөвхөн халамжаар амьдардаг, хувийн үзэл бодолгүйгээсээ болж бухимдалтай, бухимдлаа хэнд ч хамаагүй гаргаж байдаг ядуу хэсэг нь нийгмийн олонх болсон байна. Германд бол та гэр оронтой байх эсэх нь таны асуудал, харин танд шударгаар ажиллах боломжийг бий болгох нь бидний ажил гэдэг зарчим байдаг. Ямар ч талаас нь харсан ард түмний боловсролын асуудал хамгийн чухал. Урлагаар, шинжлэх ухаанаар, сэтгүүл зүйгээр, орчин гэр бүлээрээ олдог боловсрол цогцоороо иргэний боловсрол гэдэг ойлголтыг бий болгоно.

Ц.А. Ахуйн хүлээснээсээ гарсан мөнгөтэй хүмүүсийн оролцоо ямар бйах ёстой юм бэ?

Х.Т. Социализмд бид мөнгөтэй хүнийг үзэн яддаг байлаа. Одоо бол хэн илүү капитал хуримтлуулж чадсаныг ямар мундаг юм бэ гэж үнэлэх ёстой нийгэмд бид амьдарч байна. Гэтэл монголчууд бид хуримтлал үүсгэж сураагүйгээс гадна өөртөө хуримтлал бий болгосон хүн бусдад туслах чадвартай байдаг зарчмыг ерөөсөө мэддэггүй. Маш олон санаачилга гарч байгаа боловч, нөөц байхгүйгээс буцаад дээрэм болж хувирч байгаа. Энэ хүмүүст тусалмаар байна, мөнгийг нь хэнээс авах вэ, тэрнээс авчихъя гээд шууд л заадаг, тэр хүнийг ямар хүсэл бодолтой байгаа нь ерөөсөө хамаагүй. Тэгээд сүүлдээ энэ дээрмийг төр хийж өгдөг болно. Хоёрт, цуглуулсан капиталаараа юу хийх ёстой вэ гэдгээ мэдэж, шийдэж чадахгүй байна. Манай шарын шашин чинь үнэхээр өрөвдмөөр сүмийн дэргэд яагаад эмнэлэг байдаггүй юм бэ? Хүмүүсийн өгсөн хандивыг буцаагаад хүмүүст зориулахын оронд бурхан хийгээд л сүмдээ овоолоод байдаг. Мөнгөтэй болсон хүмүүс хандиваа сүмд аваачиж өгөх үү, төрийн бус байгууллагад өгөх үү, санд өгөх үү, гэж бодож эхэлнэ. Эцсийн дүндээ би хэн нэгэн хүнд л тусалдаг юм байна гэж бодсоны дунд хүнд зориулсан буяны сангууд бий болж эхэлж байгаа юм. Тэгэхээр, мөнгөний эзэн өөрөө юуг буян гэж үзэх вэ гэдгээ маш зөв тодорхойлох хэрэгтэй байгаа юм. Өөртөө ном уншуулаад, насны бурхан бүтээлгэх нь буян уу, эсвэл амьдаръя гэж байгаа хүнд туслах нь буян уу гэдэг чинь бас нэг асуудал болчихоод байгаа юм. Нөгөөтэйгүүр бодлого байх ёстой. Хүмүүс зовж байж мөнгө олдгийг ойлгох цаг хэдийн болсон. Хулгайлж мөнгө цуглуулсан тодорхой хэсэг байгаа байх, гэхдээ нийгэм хөгжөөд ирэхээр мөнгө цуглуулна гэдэг нь авьяас, цаг, хөдөлмөр гурав юм байна гэдгийг хүмүүс ойлгоно шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй хүн бол авьястай, хөдөлмөрч бас цаг хугацааг зөв юманд зарсан юм байна гэж ойлгож эхлэхээр мөнгөтэй хүмүүсийг хүндэлж эхэлдэг. Би хичнээн зүтгээд ч авьяас бага учраас, эсвэл залхуу байсан учраас энэ хэмжээний мөнгө цуглуулж чадсангүй, эсвэл цагаа зөв зарцуулаагүй болоод л энэ өөрийгөө дүгнэж эхэлнэ. Үүнийг төр нь ч үнэлж сурах хэрэгтэй. Хэн нэгэн мөнгөтэй хүнд бусдад 50 сая төгрөг өгч байгаа бол, нөгөө талд нь чи ийм буянтай үйл хийж байгаа учраас татварыг чинь 50 саяар хөнгөлье гэсэн зарчим үйлчлэх ёстой. Монголд чи хичнээн буяны юм хийсэн ч бай хамаагүй ээ, татвараа төлөх л ёстой гээд л тонож дээрэмдээд байна шүү дээ. Би хүмүүсийг боловсролтой болгохын тулд 50 сая төгрөг өгч байхад, надаас авсан татаварын 50 саяаар хэн нэгэн даргын машинд бензин хийчихэж байгаа юм. Мөнгөө юунд зарцуулж байгааг харж байгаа хүн чинь их бухимдана.

Харин эсрэгээрээ буян хийснийг нь урамшуулаад эхэлбэл хойтон 100 саяыг өгье гэж бодно.

Дэмжихгүй бол хэн ч арай гэж өсгөсөн мөнгөө зүгээр цацаад байхгүй. Нэгд, улс төрийн бодлого нь өөрчлөгдөх ёстой, хоёрт хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой, гуравт, хандив авч байгаа нийгмийн орчин ч гэсэн өөрчлөгдөх ёстой юм. Энэ чинь л капитализмын хүмүүнлэг байдал. Харамсалтай нь Монголд капитализмын хөрс суурь нь тавигдаж өгөөгүй. Мөнгөтэй хүмүүс мисс, бөх, морь гуравт л мөнгөө үрж байгаа юм шүү дээ. Арай дээр нь сүм рүү аваачиж өгнө, тэгээд энэ нь буян биш болчихоод байгааг харж байна. Энэ сайхан сэтгэл, буян, хүний дотор байгаа энэрэнгүй зүйл нийгэмд гарч ирээд яаж эрүүл институт болох вэ гэдэг талаас нь харж, хуулиа хийх ёстой. Энэ нь хийгдээгүй нөхцөлд дотор байгаа сайхан сэтгэлүүд гарч ирэх хэмжээгээрээ хохирол амссаар дотороо далд байсан нь дээр юм байна гэж боддог болж хувирна.

Ж.Ч. Монголын ирэх арван жилийн талаар ямар нэгэн төсөөлөл байна уу?

Х.Т. Мэргэжлийн үүднээс харахад 2016 онд бид хариуцлага, хяналттай, үр ашигтай засаглалыг бий болгож чадахгүй бол уул уурхайн мөнгө Монголыг африк л болгоно. Бид л өөрсдөө анх мөнгөөр юм шийддэг, гар цайлгаж байж хөдөлдөг нийгмийг бий болгосон. Хуримтлалтай гадныхан орж ирэхэд бид мөнгөөр биш, зарчмаар ажилладаг болчихсон байх нь л чухал.