Төрийн тогтолцооны гажигийг засахуй
Магадгүй парламентын засаглалтай улс орнуудад парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх нь жирийн үзэгдэл гэх тайлбар хэлэх л байх. Гэтэл байгаа баримтыг байгаагаар нь харж, бүтнээр нь бодож яримаар байна.
Парламентын засаглалтай дэлхийн 80 гаруй улсын 34 нь засгийн газрын гишүүн нь парламентын гишүүдээс бүрддэг, 24 улсад хавсарч үл болох албан тушаал гэж хатуу хориглодог, мөн 24 улсад дундаж байр суурийг барьдаг аж. Энд ямар улсад ямар байдаг гэдгийг дээр миний дурьдсан лавлагааны ном зохиолуудаас төвөггүй тоолоод харчхаж болно.
Ийм энгийн мэдээлэл буюу тоон мэдээллийг бага зэрэг гүнзгийрүүлээд харахад 1.Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүн давхар байгаа орнуудад парламентын гишүүдийн тоо харьцангуй олон, 200-аас доошгүй гишүүнтэй байна. Тэгвэл манайх хэдэн гишүүнтэй билээ. 2. Эдгээр орнууд ихэвчлэн хоёр танхим бүхий парламенттай байна. Манайх ганц танхимтай.Ийм тохиолдолд эрх мэдлийн хуваарилалт алдагдах, засгийн газарт тавих парламентын хяналт сулрах асуудал манайтай адил тавигдахгүй нь ойлгомжтой.
Тэгээд ч Үндсэн хуулийн дордуулсан гэгдэх 7 өөрчлөлтийн нэгээр нь УИХ 39 гишүүнтэй хуралдаж 20 гишүүний саналаар хууль батлах шийдвэр гаргах боломжтой, бас танхимд ирээгүй гишүүнийхээ кнопоор "төгөлдөр хууль тоглож” хууль зөрчих нь хэвийн болчихсон одоо үед Засгийн газар хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоо тооцооллын хувьд байж л байгаа шүү дээ. Ийм үед давхар дээл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүд нь огт таарахгүй гэж бодогдоно.
“Давхар дээл”-ийг тайлчхаад дагуулаад хийх дараагийн нэг ажил бол парламент ба Засгийн газар хоёр тусдаа байж, харилцан хариуцлага хүлээдэг орчин үеийн парламентат ёсны жишиг, зарчмыг хуулиараа бий болгочихмоор байна. Энэ бол эцсийн дүндээ Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлага буюу засгийн газрыг огцруулах парламентын эрхийг зарим талаар хязгаарлах асуудал юм.
Өөрөөр хэлбэл, засгийн газрын санаачилгаар Ерөнхийлөгчөөс парламентыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгох зохицуулалтын тухай энд яригдаж байна. Энд парламентыг тараах эрх төрийн тэргүүнд хадгалагдах боловч зөвхөн Засгийн газрын хүсэлтээр хэрэгжих зарчим тогтоох хэрэгтэй. Ингэснээр наад зах нь засгийн газрын судалж үзээд, бодож тооцоолоод парламентад оруулж ирсэн төсвийггишүүд, намын бүлгүүд өнөөгийнх шиг дур зоргоороо өөрчлөөд сүүлд нь ямар ч хариуцлага хүлээхгүй, ерөөсөө төсвийн хариуцлагыг эзэнгүй болгодог практик тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болно.
Бүхэлдээ шалих шалихгүй шалтгаанаар засгийн газраар оролдох нь парламентын гишүүдэд тодорхой хэмжээний эрсдэлтэй болж, Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлага тэнцвэртэй байх механизмыг бий болгож чадах юм. Ингээгүйгээс үүдсэн сөрөг үр дагаврын жишээ бидний саяхны түүхэнд ч бий, дэлхийн улс орнуудын сургамж ч бас байна. 1996- 2000 оны парламент Засгийн газраас 4 удаа огцруулж, тэр үеийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигчийг хэдэн ч удаа буцааж байлаа даа. Тэгээд сүүлд нь Үндсэн хуульдаа хууль бусаар улс төрийн тохиролцоогоор дордуулсан гэгдэх 7 өөрчлөлтөө хийж байсан.
Дэлхийн 2-р дайны дараа парламентын засаглалтай зарим улс оронд Засгийн газраа олон удаа огцруулах төрийн тогтворгүй байдал үргэлжилж, парламентын ноёрхол тогтох сөрөг хандлага нэлээд дэлгэрсэн билээ. Тухайлбал, Францад 1946-1958 оны хооронд 12 жилийн дотор засгийн газар 50 орчим удаа, Италид дайны дараагийн жилүүдэд 60 удаа засгийн газар солигдож байлаа.
Тэгээд Францад Шарль де Голийн санаачилгаар 1958 онд хагас Ерөнхийлөгчийн буюу холимог засаглалын хэлбэрийг Үндсэн хуулиараа бий болгосноор энэ байдал залруулагдсан бол Итали улс мөн л Үндсэн хуулиар өөрчилж байж энэ байдлыг зогсоосон байдаг. Франц, Италийн энэ туршлагад үндэслэн парламентыг тараах журмыг парламентын болон холимог засаглалтай олон оронд үр дүнтэй хэрэглэдэг болсон билээ. Харин бид өөрсдөөсөө ч, өрөөлөөс ч сургамж авч ухаалаг шийдэл гаргах замыг одоо хүртэл олоогүй л байна.
Нэгэнт ийм зохицуулалт хийсэн тохиолдолд хамтад нь шийдчих гурав дахь асуудал бол рациональ парламентат ёсны асуудал юм. Бид чинь ухаалаг төрд шилжих гээд;байгаа биз дээ. Рациональ парламентат ёсны гол агуулга нь засгийн газарт итгэл үл хүлээлгэх санал гаргахдаа засгийн газрын тэргүүнд нэр дэвшигчийг зэрэгцүүлэн дэвшүүлж, нэгэн зэрэг санал хураалт явуулснаар засгийн тэргүүний асуудал хамт шийдэгддэг байна.
Ингэснээр улс төрийн тогтвортой байдал хангагдахын сацуу төрийн бодлого, үйл ажиллагааны тасралтгүй, залгамж шинжийг хадгалах боломж бүрдэнэ. Конструктив санал хураах журамд үндэслэж Германд анх үүссэн энэ зарчмыг Үндсэн хуулийн эрх зүйд рациональ парламентат ёс гэж нэрлэдэг бөгөөд эдүгээ парламентын засаглалтай дэлхийн олон оронд ашиглагдах болжээ. Үүнтэй холбогдуулж зарим хүн манай Ерөнхийлөгчид парламентыг тараах, эрх бий шүү дээ гэж маргаж болох юм. Хэлбэрийн төдий тийм эрх байдгийг хэн ч мэднэ.
Манай Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 22-р зүйлд зааснаар олгогдсон парламентыг тараах эрх нь тунхаглал, хэлбэрийн төдий учраас амьдралд бараг хэрэгжих боломжгүй гэдгийг судлаачид ч тэмдэглэдэг, парламентын гишүүд өөрсдөө хэнээс ч дутахгүй мэднэ дээ. "Улс төр хийх” "эдгээр дамжиж төрийн оюун ухаанд суусан гажигийн тухай.. Улс төрийн шинжлэх ухаанд байдаггүй, сүүлийн хорин жил манайд л дэлгэрсэн нэг гаж ухаан бол “улс төр хийх” хэмээх утга учиргүй мөртөө олон зүйлийг бусниулж буй самуун ухаан, самууруулах үйлдэл юм. Энэ үг сонгуулийг тойрч, түүний өмнө, хойно бүр гаардгийг бид мэднэ. Миний бодоход энэ бол шинжлэх ухааныхны биш, ард түмний биш, гагцхүү монголын балчир улс төрчдийн бий болгосон зүйл.
“Улс төр хийх” гээч нь эрх мэдэл олж авахын төлөө сонгуульд оролцдог гэдгийг гэнэн буруу ойлгож, эрх мэдлийг эд мөнгө, албан тушаал гэж андуурахаас үүдэлтэй гажиг аж. Төрийн эрх мэдэл бол зөвхөн ард түмэнд хадгалагдаж байдаг зүйл гэдгийг би өмнө хэлсэн. Сонгуульд нэр дэвшиж оролцогчид зөвхөн тэр эрхийг сонгогчдын өмнөөс хэрэгжүүлэх иргэдийн итгэл найдварыг тэднээс түр хугацаагаар \сонгуулийн циклээр\ шилжүүлэн авч тэднийг төлөөлөн хэрэгжүүлдэг.
Гэтэл манай улс төрийнхөн сонгуулийг эсрэгээр нь эргүүлж төрийн эрхийг ард түмнээс мөнгөөр, худлаа амлалтаар, хууран мэхлэх аргаар авч болдог. Тэгээд ингэж авахаа ялах, ялагдахын тухай дайн тулаан шиг юм болгоод дараа ялалтын бялуу хуваах ажилдаа ханцуй шамлан ордог болчхоод удлаа.
Зүй нь сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тодорхой байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх, хэрэгжиж байна уу гэдгийг ард түмний өмнөөс хянах тийм бүрэн эрхийг тийм бүрэн үүрэг, бүрэн хариуцлагатай нь хамт авч буй хэрэг. Гэтэл өнөөдөр сонгуулийн үед ч сонгуулийн дараа ч улс төрийн нам, түүний удирдах байгууллага, дарга нар нь бүгдийг удирддаг, хуваарилдаг болчихжээ. Энэ байдал одоо орон нутаг хүртэл бүр шатлан өргөжиж аймаг сум, дүүрэг, багт хүрээд байна. Хуваарилах орон тоо нь байхгүй бол байгуулж буй болгодог арга дэлгэрчээ. Энэ тухай би өмнөх өгүүлэлдээ дурьдсан болохоор ингээд орхиё.
“Улс төр хийх”-ийг дагалдаж гарсан дараагийн том гажиг бол төрийн ажил, улс төрийн ажил, бизнес гурвыг хольж хутгалдуулсан дампуурал мөн. 1990 оны өөрчлөлтийн нэг гол амин сүнс нь төр, аж ахуй, улс төр гурвыг салгаж байр байранд нь тавихад чиглэж байсан. Эхлээд гайгүй сайн салгаж бүр Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.
Энэ гурван ажлын зааг ялгааг Монгол улсын Үндсэн хуулиас төрийн албаны тухай, улс төрийн намын тухай, УИХ-ын тухай, сонгуулийн тухай, компаний тухай гээд маш олон хуулиар тов тодорхой зааглаад өгчихсөн зүйл. Харамсалтай нь энэ бүх хуулийг амаараа мөрдөж, ажлаараа зөрчсөөр одоо бүр “холион бантангий” нь хутгаж эхэлсэн, тэр үйл явц одоо үргэлжилсээр байна. Үүний эцсийн үр дүнд төрийн тогтолцооны бүр зах хязгаар хавиар байх ёстой улс төр, улс төрийн нам бүхний дээр гарчихлаа.
Би төр, ард түмний эрх ашгийг хөндөж, улс орны өнөө хойчийн хувь заяаг шийддэг том бодлого, шийдвэр гаргахдаа эрдэмтэн судлаачдын хийсэн бүтээснийг л юуны өмнө хардаг.
Тогтолцооны төв байх учиртай төр маань улс төрийн хавсарга болж хувирч байна. Зах зээлийн жамаараа явах ёстой бизнесийнхний ажилд улс төрчид төрийн нэрээр оролцох, улмаар дарамт үзүүлэх явдал газар авлаа. Тийм учраас төрийн тогтолцоонд "улс төр хийх” ухаан гэгчээр дамжиж буй болсон энэ гажигийг засах хэрэгтэй. Юуны өмнө, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг шинэчлэн сайжруулах ажил байна.
Энэ хоёр хуулиар улс төрийн намыг байх ёстой байранд нь тавихаас эхлээд Монголын нийгмийн улс төрийн харилцааг эрүүлжүүлэх олон зохицуулалт хийх боломж буй. Нам оролцож болох, болохгүй зүйлийн заагийг зөрчихийн аргагүй. ойлгомжтой тодорхойлох ёстой. Гишүүнчлэл, бүтэц, зохион байгуулалт нь ямар байхыг тодорхой хязгаартай болгох шаардлага байгаа. Санхүүжилтийн тухайд маш нарийн зохицуулалт хийх хэрэгцээ бий. Сонгуульд оролцох, сонгуулийн компани зохион байгуулах зэрэг, бүх асуудлыг дахин нарийвчлах шаардлага ч байна. Орон нутгийн сонгуульд намууд яаж оролцохыг бас нэг тийш болгох ёстой. Энэ тухайд өмнөх өгүүлэлд зарим санаа орсон.
Төрийн албаны хуулийг шинэчлэх, нийтийн албаны хууль байх ёстой бол түүнийгээ нэн даруй гаргаж төрийн албыг цэгцлэхгүй бол сонгууль болгоны дараа “төрийн албаар тоглох” муу дэглэсэн жүжиг тавигдаж, завсар чөлөөнд нь жирийн албан хаагчид, иргэд, иргэдэд үзүүлэх үйлчилгээ хохирч байна.
Төрийн хууль, улс төр, ёс суртахуун хэмээх нийгмийн харилцааны хүчирхэг гурван зохицуулалт өөр хоорондоо огтхон ч уялдахгүй байгаа нь манай эрхзүйн шинэчлэлийн бас нэгэн гажиг гэлтэй. Энэ гурван зүйл өөр хоорондоо харьцангуй бие даасан мэт боловч нягт уялдаж байж сая аль аль нь зүй ёсоороо үйлчлэх болно.
Ийм үзэл санаа юуны өмнө төр ёсны баялаг түүхтэй, нэгдмэл улс, бие даасан үндэстний хувьд нэн чухал. Монгол бол чухам л тийм улс шүү дээ. Дээр нь бас улс орны хөгжлийн хүрсэн төвшин гэж нэг юм бий. Энэ болгоныг тооцоод үзвэл одоо бидний яриад байгаа том төрөөс ухаалаг төрд шилжих ажлын нэг хэсэг ажил энд хийгдмээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Ухаалаг төр гэж цаасны, дүрэм журмын судалгааны техник, технологийн чадвартай хүн ажилладаг төрийг хэлдэг юм ”. “Ухаалаг хүн ёс зүйтэй байдаг. Ухаалаг төр хариуцлагатай байдаг юм. Ёс зүйтэй, хариуцлагатай төр ард түмэндээ хүндлэгдэнэ” гэх мэтээр их дэлгэрэнгүй ярьсан. Энэ яриа ажил болох ёстой. Уламжлал, ёс суртахуун хоёроо хууль дээдлэх ёстой уялдуулах хослуулахгүйгээр хариуцлага ярих нь их хөндий хоосон зүйл болоод л өнгөрч мэдэх учраас үүнийг анхаарууллаа.
Эцэст нь нэг зүйлийг хэлээд өгүүллээ дуусгая. Улс төрд, төрийн албанд зүтгэсэн нимгэн боловч бодит туршлагаасаа Би төр, ард түмний эрх ашгийг хөндөж, улс орны өнөө хойчийн хувь заяаг шийддэг том бодлого, шийдвэр гаргахдаа эрдэмтэн судлаачдын хийсэн бүтээснийг л юуны өмнө хардаг, тэдний судалгаа, зөвлөмжид тулгуурладаг байх нь үнэхээр чухал юм билээ гэдгийг л сэтгэл зүрхэндээ шингэтэл ойлгосон хүн.
Энэ бол миний сайных биш, хувь заяаны эрхээр шинжлэх ухаанд ойр хэдэн жил явсны ач юм. Үнэндээ бол эрдэмтэд бодлого хийхгүй зөвхөн санаа, дүгнэлт, зөвлөмж гаргана л даа. Улс төрчид ч бас бодлого боловсруулаад байж чаддаггүй шүү дээ. Тэд бол бодлогын шийдвэр гаргах эрхтэй, бас тийм үүрэгтэй. Энэ эрх үүргээ хэрэгжүүлэхийн тулд судалгаа. зөвлөмжид тулгуурладаг. Хөгжсөн орнуудад бодлого, хууль боловсруулах ажлыг судалгааны том институт, эсвэл төрөлжсөн тинк танк төвүүд, зөвлөх эксперүүдийн бүхэл бүтэн сүлжээ гүйцэтгэдэг юм билээ. Манайд аль нь ч байхгүй. Бий болгож хөгжүүлэх шаардлагатай даа...