С.Буянхишиг: Хэрэглэгчдийн сэтгэл санааг үймүүлж баттай бус эх сурвалжийн мэдээгээр шуугиан тарих хэрэггүй
Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Буянхишигтэй ярилцлаа.
-Сүүлийн үед гараад байгаа хүнсний тухай үнэн худлаа нь мэдэгдэхгүй, баримтгүй мэдээллүүд нэг талдаа яваад байгаа. Танай нийгэмлэг энэ талаар ямар байр суурьтай ажилладаг вэ. Нэг талаас мэдээллийн сайтууд баримтгүй байдлаар бичиж байгаа бол үйлдвэрлэгчийн зүгээс хуурамч мэдээллээр мөнгө нэхдэг гэж ярьж байсан.
Бүх салбарт хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалт байнга зөрчигддөг. Агаар, хөрсний бохирдол аюултай нөхцөл байна. Зах зээл хөгжсөнөөс хүнсийг ихэвчлэн урд хөршөөс ганзагаар зөөж байсан нь стандартын шаардлага, хадгалалтын хугацаа дууссан зэрэг асуудал их гардаг байсан.
Бараа бүтээгдэхүүн, хүнс маань брэндийн биш, дуурайлгаж хийсэн хуурамч бүтээгдэхүүн их байсан учраас хөрш орнуудын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтарч ажилладаг байсан. Энэ бүхэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн хуулиар сайн зохицуулагдаж, хувь хүн оруулж ирэх явдлыг халсан нь нүдээ олсон ажил.
Өнгөрсөн жил гэхэд бид хуурамч арав гаруй хоол амтлагчийг хийж байсныг МХГ, ЦЕГ-тай хамтарч ажилласны дүнд илрүүлсэн.
-Иргэдээс ямар санал гомдол ирдэг вэ?
Иргэд хохирсон даруйдаа л ханддаг. Хуурамч бүтээгдэхүүний талаар мэдээлдэг. Хүнсэн дээр гэхэд сав баглаа боодлыг нь дуурайлгаж хийсэн, гэрийн нөхцөлд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зэрэг нь тогтоогддог. Тиймээс манай байгууллага иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх, мэдээлэл өгөх ажлыг хийдэг.
Хэрэглэгчийн байгууллага бол ерөөсөө улс төрждөггүй.
Хэрэглэгчийн байгууллага бол ерөөсөө улс төрждөггүй. Бид аль болохоор дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, дотооддоо сайн хяналтан дор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах зорилготой ажилладаг. Түүнээс биш нэг хэсэг хэрэглэгчдийн сэтгэл санааг үймүүлж баттай бус эх сурвалжийн мэдээгээр шуугиад байдаггүй.
-Танайд гомдол ирлээ гэхэд яаж шийддэг вэ?
Манайд мэргэжлийн шинжээчид ажилладаг. Олон жил ажилласан, туршлагатай хүмүүс бий. Тэр шинжээчид гомдлын дагуу дүгнэлтээ гаргаад хүнсний баталгаат дүн шинжилгээг харж байгаад эцсийн дүгнэлтийг хийж, эхлээд зөвлөн туслах, байгууллагуудтай ярилцах, дахиж алдаа гаргуулахгүй байх талаар ажилладаг.
Түүнээс биш сүр дуулиан тарьснаар асуудлыг шийдэхгүй.
-Мэргэжлийн байгууллага мэдээлэл тараахгүй нь ойлгомжтой. Хэрвээ иргэд хуурамч мэдээлэл тараавал ямар хариуцлага байдаг вэ
Хэрэглэгчийн тухай хууль нь цаг үетэйгээ холбогдоод зайлшгүй шинэчлэгдэх шаардлагатай. 2003 онд анх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль батлагдсан. 2009 онд засвар орж, төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг нь танагдаж, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт шилжсэн.
Одоо дахин шинэчлэгдэх шаардлагтай. Хэрэглэгчдийн байгууллагын зүгээс хоёр жилийн турш хуулийг хэлэлцүүлж, шинэчлэх асуудлыг тусгаж боловсруулаад засгийн газарт өргөн барьчихсан. Энэ хаврын чуулганаар их хуралд орж батлагдана гэж найдаж байна.
Өмнөх хууль бол хариуцлагын заалтууд нь сул. Энэ бол хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа байгууллагуудын толгойг илсэн заалт. Томоохон аж ахуй нэгжүүд 500 мянган төгрөгийг тоодоггүй.
Харин хүнсний тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлж торгох зэрэг заалтууд орж өгсөн. Бид үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн алдаа дутагдал, зөрчлийг арилгах үүднээс хичээл, сургалтыг зохион байгуулдаг. Нэг талаас үйлдвэрлэгчийг дэмжиж, нөгөө талаас хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн хүргэхэд тусалж байгаа юм.
-Импортын хараат байдлаас гараагүй байгаа нөхцөлд томоохон импортлогчид, ялангуяа томоохон сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнийг буруу хадгалснаас болж үүдэх эрсдэл, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарах зэрэг дутагдал их байдаг. Энэ талаар танайх ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
Хэрвээ томоохон хүнсний дэлгүүрүүд хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг сарын өмнө татаж аваад, хямдрал зарлаад зардаг. Үүнд бас хэрэглэгчийн боловсролын түвшин бас нөлөөлдөг. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сар, цаг хугацааг сайн харж авах хэрэгтэй. Түүнээс гадны хэрэглэгчийн тухай хуулиараа импортлогч, үйлдвэрлэгчид дотоодын хяналтаа сайжруулах ёстой юм. Дотоодын хяналтыг чандлан хэрэгжүүлсэнээр дээрх асуудлууд шийдэгдэх боломжтой.
Хэрэглэгчдээс манайд хугацаа хэтэрсэн бараагаар гомдол ирвэл бүтээгдэхүүнийг татуулж авахуулах, устгах арга хэмжээг авахуулах ажлыг хийнэ.