Чингэлтэй дүүрэг залуучуудын холбоотой хамтран ажиллахаар боллоо
2014.03.19

Чингэлтэй дүүрэг залуучуудын холбоотой хамтран ажиллахаар боллоо

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монголын Залуучуудын Холбооны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ бид өнгөрсөн оны 2 дугаар сараас эхлэн бүх түвшний төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим гишүүдтэй хамтран лобби бүлэг байгуулан ажиллах, салбар зөвлөлүүдийг цэгцлэх, залуучуудыг хамруулсан “Спирт үү спорт уу”, “Паркаа аваръя” зэрэг томоохон арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж ирлээ.

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг нь оюутан залуучуудын сурч амьдрах, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол төв нь болж байгаа тул дүүргээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, татан оролцуулах, төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна гэж тус холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат онцлон хэлсэн юм. Түүнчлэн дүүргийн хэмжээнд залуучуудал зориулсан соёл, спортын цогцолборуудыг нээлттэй болгож, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дүүргийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд залуучуудын байгууллагатай хамтран олон ажлыг хийх бүрэн бололцоо бидэнд бий.

Бид бусад улс орноос дутахааргүй сайхан амьдрах нөхцөлийг өөрсдөө бүрдүүлэх ёстой. Бид дүүрэгтээ залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээр спорт цогцолборыг барих ажлыг энэ онд эхлүүлж байна.

Мөн ахмад үе, эмэгтэйчүүдээс харилцан туршлага судлах, байгаль орчныг сэргээх, соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд залуусыг татан оролцуулах, спортын шинэ төрлийг хөгжүүлэх, зохион байгуулж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулахад та бүхний оролцоо маш их юм. Тиймээс цаашид бид бололцоотой бүх талаар хамтран ажиллаж, аливаа асуудлыг улс төржүүлэхгүй, зохион байгуулж буй арга хэмжээ маань олонд хүрсэн, үр дүнтэй байх нь чухал гэдгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд онцоллоо. Уулзалтын дараа Засаг дарга Д.Ганболд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг Чингэлтэй дүүргийн 20 жилийн ойн медалиар шагналаа.