10 мянган оюутан залуусыг ажилтай болгоно
-Залуусын хөдөлмөр зуучлалын нэгдсэн сайт нээгдлээ-
Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд өнөөдөр Монголын залуучуудын холбоо хөдөлмөр зуучлалын нэгдсэн www.myjob.mn сайтыг ажилуулж эхэлснээ танилцууллаа. Тус сайтад ажлын байр хайсан оюутан залуус, боловсон хүчнээ хайж буй ажил олгогчид хандах бөгөөд яг одоо ямар ажлын байр бэлэн байгааг харах боломжтой юм. Түүнчлэн ажил олгогч, хайгчдыг бүртгэдэг энгийн нэгэн сайтаас ялгаатай нь оюутан ажлаа олсон бол түүнийхээ дараа тухайн байгууллагыг сайт дээр байршуулсан хэсэгт үнэлж, дүгнэж болохоороо онцлог. Өөрөөр хэлбэл, зуучлуулаад ажилд ороод, эрх нь зөрчигдөж байгаа үгүй нь далд үлддэг бол энэ сайтад байгууллага оюутнуудыг ямар нөхцөлд, хэрхэн ажиллуулж байгааг шууд үнэлэх юм байна. Ажил олгогч ч гэсэн тухайн оюутныг хэрхэн ажилласныг үнэлж, ингэснээр боловсон хүчний ажлын намтар үүсэх ажээ.
“Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж, Залуучуудын хөдөлмөрийн биржийг байгуулснаас хойш 5732 ажил хайгч бүртгүүлсэн бөгөөд энэ бүх хүний мэдээлэл www.myjob.mn сайтад орсон ажээ. Түүнчлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа уг сайтад 326 ажил олгогч байгууллага, 350 нээлттэй ажлын байр бүртгүүлээд байна.
Энэ жил нийт 10 мянга орчим оюутан залуусыг “Ажилтай орлоготой залуу” хөтөлбөрт хамруулж, ажлын байраар хангах зорилготойг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн юм. Ингэхдээ хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил”, “Ногоон ажлын байр”, “Намрын ажил залуус” төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд оны эхний ажил гуравдугаар сараас эхлэх юм байна.