МЗХ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийнхнийг шүүхэд өгнө
А.Мөнхбат
2014.03.19

МЗХ “100 чухал сэдэв” нэвтрүүлгийнхнийг шүүхэд өгнө

“Hero” энтертайнментын хийсэн “100 чухал сэдэв: Паркийн асуудал” нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Уг нэвтрүүлгийг хэт нэг талыг барьж, бодит үнэнийг мушгин гуйвуулсан, илт захиалгат нэвтрүүлэг болсон төдийгүй Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын нэр хүндэд халдсан хэмээн тус холбоо үзэж байна. А.Мөнхбат нь паркийн асуудал 100 чухал сэдвийн нэгд тооцогдож байгааг сайшааж, бодит мэдээлэл хүргэхээр МЗХ, “Паркаа аварья” хөдөлгөөнийг төлөөлж тус нэвтрүүлэгт оролцжээ. Гэтэл хоёр цаг гаруй үргэлжилсэн түүний ярилцлагыг мушгин гуйвуулж, монтажлаад “Бодь” группийнхны яриаг түлхүү гаргаж, А.Мөнхбатыг илт доромжлох, гутаах зорилго бүхий асуулт урьдаас зориуд бэлтгэсэн байсан хэмээн МЗХныхон үзэж байна.

Тиймээс нэр төр гутаасан гэдэг үндэслэлээр “Hero” энтертайнмент студи, нэвтрүүлгийн хөтлөгч, “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан, ҮСАХ-гийн захирал М.Батнягт нарыг өчигдөр шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ.

Нэвтрүүлэгт оролцсон “Бодь” группийнхэн “Хүүхдийн паркийн газар дээр MCS буудал барьчихаад байхад манайх яагаад таван одтой зочид буудал хоёрыг барьж болдоггүй юм. Гаднын орны “Диснейлэнд”- эд хүртэл зочид буудал байдаг. Хэнд нь зөвшөөрөл өгөөд хэнд нь өгдөггүй юм” гэж ярьсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэжээ.