А.Мөнхбат: Залуус намчирхаж, талцах цаг биш
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.
2014.03.19

А.Мөнхбат: Залуус намчирхаж, талцах цаг биш

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ныхон Улс төрийн намын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ.

Өдгөө мөрдөж буй Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд зааснаар авлига авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь шийтгэдэг. Тиймээс тэд энэ зохицуулалтыг өөрчилж, авлига авсан талыг л шийтгэдэг болох заалтыг хуулийн төсөлдөө оруулсан байна. Ийм зохицуулалттай болсноор Монголд авлига байхгүй болно гэж үзжээ. Харин тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн сайн сайхны төлөөх буюу архи, тамхи, авлига, хүний наймаа гэх мэтийн эсрэг сурталчилгаа явуулах зохицуулалтыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгуулахыг хүсч байна. Тухайлбал, хуулийн төсөлдөө энэ чиглэлийн сурталчилгааг үнэгүй нэвтрүүлэх, төрөөс тусгай сан байгуулж санхүүжүүлэх, архи, тамхины онцгой албан татвараас олж буй орлогын тодорхой хувийг зарцуулахыг тусгажээ.

Ингээд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцлаа.

-    Та Улс төрийн намын тухай хуульд ямар зохиоцуулалт шинээр оруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?

Монголчууд тэр дундаа залуус маань маш их намчирхдаг болжээ. Намчирхсанаараа төрийн ажил цаашилбал улс орны хөгжлийг гацааж байна. Тиймээс бид улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгох, хэрэв гишүүнчлэлтэй байна гэж үзвэл 40 хүртэлх насны хүнийг намын гишүүнээр элсүүлэхгүй байх, намын дэргэдэх залуучуудын төрийн бус байгууллагыг хориглох гэх мэт заалтыг Улс төрийн намын тухай хуульд тусгах санал гаргасан. Нам бол үзэл бодол нийлсэн хүмүүсийн нэгдэл. Гэтэл нам дотроо ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын гэж сонирхлын бүлэгт хуваагдсан байгаа. Намын дэргэдэх энэ мэт сонирхлын бүлэг, төрийн бус байгууллагыг хориглож, цэгцлэх шаардлагатай байна. Нам нэгдлээ хадгалах ёстой.

-    Намын харьяаллаас татгалзах талаар ялангуяа, намуудын дэргэдэх залуучуудын холбооныхоны санал бодлыг нь сонссон уу?

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх хүртэл буюу дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл намын дэргэдэх залуучуудын байгууллагаас албан ёсоор саналыг нь авна. Мэдээж, намын дэргэдэх гэдгээр тухайн улс төрийн намын дүрмээр баталгаажуулсан холбоо, төрийн бус байгууллагыг татан буулгах, намыг гишүүнчлэлгүй болгон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ бид эх орон, залуусынхаа ирээдүйг бодох юм бол өнөөдөр намчирхаж, талцаж суух цаг биш. Улс орны бүтээн байгуулалт, хөгжилд залуусаа ханцуй шамлуулан оролцуулмаар байна. Хамгийн гол нь, залуусыг авьяас чадвараар нь биш, намаар ялгаварлаж буйг болиулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-    Ер нь, гишүүн болсон залуус намаас гарах сонирхол хэр байдаг вэ?

Энэ нь хоёр талтай. Намын гишүүнчлэлтэй залуусын хувьд ямар давуу зүйл байна, нөгөө талаар яаж хохироод байна вэ гэсэн асуудал гарна. Аль нэг нам сонгуульд яллаа гэхэд төрийн албан хаагчийг хүртэл намын харьяалал харж ажлаас нь халж байгаа шүү дээ. Тэгэхээр залуус намын гишүүн байснаар хохирсон нь олон болохоос хожсон нь цөөн. Нөгөө талаар нам дагасан залуучууд гэсэн томъёолол нийгэмд бий болчихлоо. Энэ нь зөв үү, буруу юу гээд араасаа олон асуудал дагуулж байна. Залуучуудтай уулзаж, ярилцаад явж байхад дийлэнх нь намын гишүүнлэлд дургүй гэдгээ илэрхийлдэг. Ингэхдээ нам дагаснаар бид юу ч хожихгүй байна гэсэн агуулгатай тайлбар хэлж байгаа юм. Тийм учраас залуучууд нэгдэж байж л нийгмээ сайхан болгож, өөрсдийнхөө ирээдүйг аварна.

-    Залуучуудыг намын гишүүн болгохгүй гэвэл тэдний эрхэнд халдсан явдал болохгүй юу?

Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа. Тиймээс залуучуудыг намчирхдаггүй, талцуулдаггүй хууль эрх зүйн тогтолцоо бий болгох хэрэгтэй байна.

-    Улс төрийн намын гишүүнчлэлийн талаар статистик тоо байдаг уу?

Намын гишүүнчлэлийн талаар албан ёсны улсын бүртгэл байхгүй. Нам бүр гишүүдийнхээ бүртгэлийг хийдэг. Сонгууль дөхөөд ирэхээр гишүүдийн тоо нь өсдөг. Гэвч бодит байдалд гишүүдийнх нь тоо нэмэгдээгүй дүр зураг харагддаг. Тухайн хүнийг албан ёсоор бүртгээгүй л бол тэр гишүүнчлэлийнх нь тоог бодитой гэж хэлэх аргагүй. Залуучуудын 20 орчим хувь нь аль нэг намын гишүүн байгаа. Намын гишүүн атлаа үйл ажиллагаанд оролцдоггүйг нь тооцвол энэ тоо 50-60 хувьд хүрнэ. Нийгмийн өмнөх тогтолцоонд ч, сүүлийн 20 жилд бий болсон маш нэг буруу жишиг бол намаар дамжиж улс төрд орох, нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлэх, төрийн албанд ажиллах жишиг тогтчихоод байна. Энэ жишиг цөөхөн хүний төлөө л үйлчилдэг. Залуучууд намаар дамжихгүйгээр нийгэмд идэвхтэй оролцдог жишиг, тогтолцоо бий болгох нь төрийн үүрэг.

-    Хуулийн төслүүдээ хэзээ, хэнээр УИХ-д өргөн бариулах вэ?


Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн онд УИХ дахь залуучуудыг дэмжих албан бус “Лобби” бүлэг байгуулсан. Шинэ парламент бүрдсэний дараа манай бүлэг 43 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс УИХ дахь Лобби бүлгийн гишүүдээрээ дамжуулан хаврын чуулган эхлэхээр хуулийн төслүүдээ өргөн бариулна.