2014.03.19

А.Мөнхбат: Залуучуудаа ажилтай, тогтмол орлоготой болгохын төлөө ажиллана

Монголын Залуучуудын Холбооны  дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг  амжилттай зохион байгуулаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, Ажлын гараа” төслөөр залуусыг зуны амралтаар төрөлх нутагт нь  илгээж 3000 гаруй залуусыг амжилттай ажиллуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн хурал буюу “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн чуулган  10 сарын 26 ны 10 цагт Төрийн ордны их танхимд болох гэж байна. Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбаттай ярилцснаа хүргэе.

-Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийг  байгуулан ажиллаж байгаа. Яагаад  заавал энэ биржийг байгуулах болсон бэ?

Залуусын өмнө тулгамдаж,  учраа олж чадахгүй байгаа асуудал бол ажилгүйдэл болоод байна. Үүнийг дагаад залуучуудын боловсрол мэргэжлийн ур чадварын асуудал, ажлын байранд тэнцэх,  тэнцэхгүй байдал гээд олон асуудлууд гарч ирдэг. Нөгөө талаар өнөөдөр уул уурхайд  маш олон залуус ажиллаж, тэндээс олон зүйлийг сурч байгаа. Гэхдээ ажиллах хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнд хортой нөхцөл болон шилжилт хөдөлгөөн ихээр хийж байгаатай холбогдон гэр бүл салалт ихсэж байна.  Ерөнхийдөө ажилтай хүн бол амьдралтай  гэж Монголчууд ярьдаг. Тийм учраас хамгийн хүнд бөгөөд заавал хийх ёстой асуудал бол залуучуудад  ажлын байрыг бий болгох асуудал байсан. Монголын залуучуудын төлөө дуу хоолой нь болдог хамгийн том байгууллагын хувьд энэ асуудлаар ажилладаг өөрийн бүтэц нэгж, тодорхой бодлого хөтөлбөр байхгүй бол энэ байгууллагын хэрэг байхгүй шүү дээ. Ийм учраас  залуучуудын хөдөлмөрийн биржийг байгуулах ажлыг бүтэн жилийн турш хөөцөлдсөн. Энэхүү биржийг байгуулахад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өөрөө залуучуудын төв байгууллагад олон жил ажиллаж байсныхаа хувьд биднийг дэмжиж  их  тус нэмэр болсон.

-“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулагдаад удалгүй Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж удахгүй ажлаа тайлагнах гэж байна.  Та үр дүнг нь хэрхэн харж, дүгнэж  байна вэ?

Энэ зун эхлүүлсэн “Ажилтай, орлоготой  Монгол залуу ” хөтөлбөр бол “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн анхны төсөл  байгаа. Энэхүү хөтөлбөрийг  залуучууд хэрхэн хүлээж авах, залуусыг очиход тухайн сум орон нутагт байгаа төрийн болон бизнесийн байгууллагууд, хөгшчүүд, хүүхдүүдэд ямар хэрэг болох талаас нь судалж туршсан. Үндсэндээ бол энэ ажил амжилттай гэж дүгнэгдсэн тохиолдолд өргөжүүлэн ажиллах болно.  Өнөөдөр бид  сум орноос хөгжил эхлэнэ гэж ярьдаг. Үнэхээр улс орны хөгжил сумаас эхлэх юм бол  залуус сум, орон нутагтаа очиж  ажилладаг байх ёстой. Ер нь залуу хүн бэлэнчилж, зүгээр хараад суух ёсгүй.  Залууст алдаж байгаа ганц зүйл нь цаг хугацаа юм.  Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж, өөрсдийнхөө төлөө ажиллаж мөнгө олох ёстой гэдэг алтан зарчимд залуучуудаа сургахын тулд “Ажилтай, орлоготой  Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Жишээлбэл  гадны нэгэн томоохон сонинд  гарсан нийтлэлд Хятадын үсрэнгүй хөгжлийн нууц  бүх оюутнууд нь албадан хөдөлмөр хийдэгтэй холбоотой гэж тайлбарласан байсан.  Энэ жишгээр залуучууд маань үнэхээр цаг нартай уралдан ажиллаж сурвал  шинэ зууны Монгол улсыг шинэ үеийн залуус нь авч явж чадна гэж ойлгож байгаа.

-Та “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн 2014 оны үйл ажиллагааг  хэрхэн харж байна вэ? Үйл ажиллагааны томоохон төлөвлөгөө юу байна?

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн хувьд анхны том ажил нь“Ажилтай, орлоготой Монгол залуу ” хөтөлбөр байлаа. Засгийн газартай энэхүү төслийг цаашид хэрхэн үргэлжлүүлэн хийх  талаар ярилцаж байна. Ер нь  энэ төслийн үр дүнтэй шууд хамааралтай. Үнэхээр үр дүнтэй болсон  гэдгийг энэ төсөлд оролцсон бүх талууд нотолж  байвал  “Ардын элч” гэдэг нэрээр маш том хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд залуус  ард түмний элч болон  орон нутагтаа буцан очиж ажилладаг, уриалдаг, манлайлдаг, тэднийг ажилтай болгох, хорт муу зуршлаас салгах, хамтарч бүтээн байгуулалтад  оролцуулах бүх ажлыг залуус өөрсдөө хийдэг болно. Нөгөө талаар нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлууд байна. Хуучин нийгэм залуусаа  өөрөө хүмүүжүүлдэг тодорхой бүтцүүдтэй  байсан. Харин эдгээр бүтцүүд байхгүй  болж байна.  Жишээлбэл их, дээд сургуульд анги гэж байхаа больж сонгосон мэргэжлээр   нэг лекцинд суудаг болсон. Залуус  хамт олноороо ажилладаг, бие биенээсээ суралцдаг байдал  орхигдож  эхэлсэн.  

Гэтэл нөгөө талаас  гадны нийгмийн зүйлс  орж ирж байна уу гэхээр бас үгүй.  Ийм  завсрын үе гарч ирж байгаа.

Энэ асуудлыг нөхөж  ажиллах,  анагааж чадах байгууллага бол залуучуудын байгууллага юм. Тиймээс бид залуучууддаа урам өгч, маш олон залуусыг хурцалж, бүтээн байгуулалтад  бригад,  хамт олноор нь  ажиллуулдаг боломжийг бүрдүүлж өгөх нь залуучуудын хөдөлмөрийн төв биржийн  хамгийн гол бодлого болоод байна. Бусад хөдөлмөрийн биржүүд шиг зөвхөн нэг нэгээр нь  ажилд зуучлахгүй хамт олноор зохион байгуулалтад оруулж, ажлуулах гээд байгаа нь учиртай. Энэ жилийн бидний хийсэн “Ажлын гараа”  төслийн хүрээнд 28 гавшгай бригадыг илгээсэн байгаа. Энэ гавшгай залуусаас ажлаас хойш суусан залуу  нэг ч байхгүй. Бүгд өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд ирсэн. Харин авто зам, барилгын компаниудад  маш олон залуус ажилд ордог ч   өөр өөр газраас ирдэг учраас хамт олон болох гэж зовж байна.  Тиймээс хамт олон болсон хэн юу хийхээ мэддэг хариуцлагаа ухамсарласан  залуусыг ажилд  шууд оруулдаг  тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.  Энэ  ажлаараа бусад хөдөлмөрийн  биржээс ялгарах болно.   Залуусыг нэгтгээд нэг гавшгай бригад  болгон ажилуулбал өөрсдийгөө, нутаг орноо, бодохоос гадна ажилгүй гээд буцаад очихгүйг хичээж,  сайн ажиллах боломж  бүрдэж гарч ирнэ. Жишээлбэл Баян-Өлгий аймаг  барилгын бригадуудыг гаргаж ажиллуулахаа хэлээд байгаа.  Энэ мэтчилэн олон бригадыг ажилд зуучлах ажлыг  ирэх хавраас хийнэ.  “Хөдөлмөрийн яам”, МСҮТ-үүдтэй  хамтран  ажиллах бригадуудаа оройн цагаар  сургалтад  хамруулна. Сургалтад хамрагдсан залуус бусад бригадуудаа авч явж  ажиллуулдаг системийг бий болгоно. 

-МЗХ-ны Ерөнхийлөгчийн хувьд  манай улсад залуусын хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл ямар байна  гэж  та боддог вэ?

Бүтээн байгуулалтын ажил ихээр гарч ирсэнтэй холбогдуулан  маш олон ажлын байрыг бий болж байгаа.  Монголд  байдаггүй мэргэжлүүд ч гарч ирж байна.  Харин бид  мэргэжилтэн байхгүй гээд хойш суух ёсгүй.  Залуучуудаа сургаж,  тэр ажлын ард гаргахаас өөр арга байхгүй. Ер нь бол аливаа нэг ажлыг хийж сурсан хүн Монголын хамгийн үнэтэй хөрөнгө болно.  Бид саяхан “Оюутолгой” бүтээн байгуулалттай танилцаад ирсэн. “Оюутолгой” –д  очоод хамгийн их баярласан зүйл нь   тэнд ажиллаж байгаа Монгол залуус компанийн соёл, дэг журам,  хариуцлага гэдэг зүйлийг маш сайн ойлгохоос гадна мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн түвшинд хүрч чадсан байна.  Мөн тэнд ажиллаж байгаа  залуус оюунтай толгойнууд болжээ.  Оюутолгойд ажиллах  монгол мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа энэ өртөг Монголын олон мэргэжилтнүүдийг бэлтгэх, бэлтгэхэд гарч байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж байлаа. Тиймээс чиглэл бүрт олон залуусыг сургаж тэднийг байнга ажлын байртай байх тэр хөрөнгө оруулалтын  бүтээн байгуулалтыг  чөлөөтэй нээж өгөх хэрэгтэй.  

Өөрөөр хэлбэл нэг залууг 30 жил ажилтай байлгах, түүний үр удам, залгамж үе түүний  ажлыг авч явах боломжтой болох хүртэл нь энэхүү  ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд  “Залуучуудын хөдөлмөрийн  төв бирж”-дээ  маш ач холбогдол өгч ажиллана.  Хөдөлмөрийн бирж  бол бизнесийн харилцааны дунд  ажиллаж нарийн ширийнийг  мэддэг үйлчилгээний байгууллага учраас энэ үйлчилгээг яагаад төр хийх ёстой гэж. 

Ажилтай  болсон залуусынхаа баярыг хуваалцдаг, ажилгүй залуусдаа ажлын байрыг бий болгож өгдөг  байвал энэ нь залуучуудын байгууллагын  бас нэг томоохон ажил болно.

   Тиймээс ажилтай болох гэж байгаа залууг  насан туршид нь ажилтай байлгахын төлөө бид ажиллаж байна.  Тэр залуу хүн  өнөөдөр нэг ажил дээр тохирохгүй байж болно.  Харин бид  тэр тохирох  ажлыг  олох хүртэл нь ажиллах болно. Хэзээ ч муу залуу гэж байдаггүй. Харин тухайн хүнд тохирсон ажлыг нь олж өгнө гэдэг бол их тэвчээр шаардсан асуудал. Тиймээс  тэр ажлыг залуучуудын байгууллага хийх ёстой юм байна.

-Та энэ зун, намар нэлээд олон аймгуудаар явж залуустайгаа уулзсан. Орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт ямар байна? Анхаарал татсан зүйлүүд юу байв?

Энэ жил  21 аймгаа тойроод залуустайгаа уулзаж байгаа. Аймгуудаар явж байх энэ үетэй давхцаад төрийн албаны сонгон шалгаруулалт  явагдаж байна. Жишээ нь Баян-Өлгий аймагт 500 гаруй дээд боловсролтой залуу 25  ажлын байрын төлөө, Говь-Алтай аймагт 450 гаруй залуус 35 ажлын байранд  өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл үлдсэн залуус нь ажилгүй үлдэнэ гэсэн үг. Хамгийн том ажил олгогч бол Засгийн газар байгаа нь үнэн гэхдээ баялаг бүтээдэг байгууллага эсвэл өөрөө бизнесийн салбарт ажиллаж байгаа энэ залуус бол хамгийн үнэтэй хөрөнгө болоод байгаа.  Энэ чиглэлд  залуусаа  түлхүү оруулах, өөрсдийн гэсэн бизнестэй залуусыг дэмжих шаардлага  тулгараад байна.   Энэ ч үүднээс МҮХАҮТанхимыг  юм хийгээсэй, удирдлага нь залуугаар сэтгэж залуу бизнесменүүдээ дэмждэг байгаасай гэдэг үүднээс МҮХАҮТ-тай нэлээд шүүмжлэлтэй асуудлыг өрнүүлээд даргыг нь Үндсэн хуулийн цэцэд өгчихсөн явж байгаа. 

Орон нутагт ажлын байрыг хамгийн ихээр үүсгэж байгаа байгууллага бол хэд хэдэн уул уурхайн компаниуд байна.

Энэ уул уурхайн компаниудаа бас зөв талаас нь дэмжмээр байгаа.  Нэг л зарчмын ойлголт бий.  Бүх компаниуд ашигтай ажиллаж байж  ашгийг нь бүгд хүртдэг.  Аймгуудад ажиллаж байгаа бүх уурхайнуудаа ажиллуулсан шиг ажиллуулах хэрэгтэй. Аймаг болгон удирдлагуудын хэмжээнд бодлогуудаа тодорхойлж эхэлсэн байна. Жишээлбэл Архангай аймгийн хувьд нэг ч уурхай байхгүй. Тэд харин аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлнэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд залуучуудыг хэрхэн оролцуулах  талаар хүртэл бодлогыг баримталж байна гэж ярьж байна.  Энэ их зөв шүү дээ. Ер нь манайх шиг удирдлага нь 4 жил тутам солигдож, дарга нарын ярьдаг ярианы өнгө өөрчлөгдөж байдаг энэ үед  залуус хэнд итгэж, юунд найдаж, ямар бизнес хийхээ ойлгохгүй байгаа. Тиймээс  дийлэнх хэсэг нь нам, дарга дагадаг, хулгайнд найдаж амьдардаг хэлбэрт  шилжээд  байна. Энэ бол нийгмийн дайрч өнгөрөх үе.  Гэхдээ бид олон залуусаа доош нь алдмааргүй байна.   Энэ ч утгаараа  МЗХ-оос  авлигын эсрэг  “Авлига би авахгүй, би өгөхгүй”аяныг хоёр жилийн хугацаанд өрнүүлж байна. Авахгүй ч гэсэн аягүй гэдэг шиг маш олон газруудад эерэг хандлагууд ажиглагдаж  эхэлсэн.  Ер нь бол ажилтай байгаа хүн хэзээ ч хүний гар хардаггүй. Ажил хийвэл ам тосдоно гэж ярьдаг  ардынхаа сайхан үгийг залуу хүн бүр бодож, миний амьдралд хэрхэн нөлөөлөх үү гэдгээ олж,  ажиллах шаардлагатай байна.

-Сүүлийн үед залуус хөдөө орон нутагт ажиллах боломж нөхцөл байхгүй байна гэж шүүмжилдэг  болсон.  Залуусыг хөдөө орон нутагт  ажиллах талаар ямар ажлууд хийгдэж байна?

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” төслийг хэрэгжүүлсэн.  Энэ төсөлд  нийт 1000 гаруй залуус хамрагдаж, төрөлх  нутагтаа очиж ажилласан. Эдгээр залуусын 70 гаруй хувь нь  сумандаа эргэж очиж ажиллахаар болсон байна.  Биднийг очиход манай сумынхан их сайхан хүлээн авч,  маш их урам өгөн буцаж ирж ажиллахыг урьсан гэж  залуус маань ярьж байна.  Өөрөөр хэлбэл  Улаанбаатарт  “буг” болж явснаас сумандаа очоод бурхан болж явсан  дээр биз дээ. Ирэх жил энэ төслийг “Ардын элч” нэртэйгээр өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болгож явуулна.  Ардын элч нараа эх орныоо өнцөг булан бүрт илгээдэг болно. Эргээд элчээр явж байсан залуучууд төрийн алба хаших цаашлаад бизнесийн салбарт ажиллах бүх бэлтгэлээ хийж байна гэж ойлгож байгаа. Ардын элчээр явж байгаагүй залуус бусдаасаа ичдэг, бусдаасаа нэг алхамын хойно орсноо ойлгодог болох хүртэл нь энэ хөдөлгөөн  өрнөнө.

-“Цагийн ажил” төслийг санаачлан  хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн давуу тал юу вэ?

Залуучуудын Хөдөлмөрийн  төв бирж цаашид сургалт явуулахаас гадна цагийн ажилд  залуусыг  зуучилдаг болно. Өнөөдөр манай хөдөлмөрийн тогтолцоо  цагаар биш сараар цалинг олгодог. Тиймээс  цагийн ажлын системд оруулж, ажилласан цагаар нь хөдөлмөрийн хөлсийг үнэлдэг  тогтолцоо руу яаралтай шилжих шаардлагатай байна.  Оюутнууд хичээлийн бус цагаар ажил хийж , орлоготой болох, мэргэжлийн чиглэлээрээ дадлагажих боломжоор хангах, хамт олон дотор орж ажиллахаас гадна  хөдөлмөрийн талбарт  өөрсдийгөө эртнээс бэлдэж ажиллах боломжоор  дээд зэргээр хангаж өгөх ёстой учраас цагийн ажлын чиглэлээр нэлээд өргөн ажлуудыг хийнэ. Мөн боловсролын системд цагийн ажил хийснээр тодорхой хэмжээний кредит тооцуулдаг, сайн дурын болон олон нийтийн ажилд оролцсон эсэх, дадлагын ажлаа хийсэн,  зуны амралтаараа “Ардын элч” хөтөлбөрт хамрагдсан зэргээс хамаарч тэтгэлэгт хамрагддаг байх бодлогыг бий олгоно.

-Манайд цагийн ажил хийх нөхцөл боломж ямар байгаа вэ?

Зах зээл тэлэхийн хэрээр зарим нэг ажилд байнгын ажилтнаас илүү цагийн ажилтан байх нь бизнесийн компаниудад үр ашигтай байгаа. Ер нь цагийн ажлын эрэлт сүүлийн үед  ихсэж байна. Хамгийн  чухал асуудал бол цагийн ажилд орох хүсэлтэй залуучуудыг  зуучлах  ажил   дутагдалтай байгаа.  Учир нь байгууллага  зар тавиад хэдэн оюутан ажиллуулдаг ч тохирсон цаг хугацаандаа ирж ажиллахгүй байгууллагын ажлыг удаашруулдаг зэрэг асуудлууд түгээмэл  гарч байна. Тиймээс ажилд орох хүсэлтэй  залуучуудаа найдвартай  зуучилдаг системийг бүрдүүлнэ.

-Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.