Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат: Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ?
УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон холбогдох албаны бусад хүмүүс өнөөдөр /2013.11.06/ Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдаж, уг бүлэгт нийт 41 гишүүн нэгдэн орсоноор бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж сонгогдон ажиллаж байна. Монголын Залуучуудын холбоо уг бүлгээр дамжуулан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа өнөөдөр ийнхүү мэдэгдэж байгаа аж.
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ,
“Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд МЗХ нэр бүхий 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулсан юм. Энэхүү төслийн нэг онцлог нь анх удаа иргэдийн бодитой санал, хүсэлд тулгуурлан хийгдэж байгаа бөгөөд 1 сар орчим хугацаанд иргэд санал хүсэлтээ цахим ертөнцийг ашиглан фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулж мөн МЗХ-ны байранд биеэр хүрэлцэн ирж өгсөн. Нийт 25,521 иргэн унадаг дугуйн замтай болохыг хүсч, төслийг дэмжсэн гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, хэрвээ уг төсөл УИХ-аар дэмжигдэж 2014 оны төсөвт тусгагдаж чадвал Улаанбаатар хотод 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр бий болох боломжтойгоос гадна унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлсэнээр замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр багасгаж, хүүхэд залуучуудыг цаашлаад бүх насныхныг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан, амьдралын шинэ зөв хэмнэлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэлээ.
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамт “Спорт уу, спирт үү” мөн “Авилгын эсрэг би авахгүй, би өгөхгүй” төслийг УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгээс танилцуулаад, эдгээр төслийг мөн УИХ-д өргөн барих хүсэлтэй байгаагаа дуулгалаа хэмээн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.