Инженер, технологийн 1000 гаруй мэргэжилтнийг Япон Улсад бэлтгэнэ
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр:
2014.03.14

Инженер, технологийн 1000 гаруй мэргэжилтнийг Япон Улсад бэлтгэнэ

Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд бэлдэх гэж байна.

75 сая ам.долларын санхүүжилттэй "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа аж.

Монгол улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр батлагдсан "Монгол-Япон улсын дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөр"-т "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байсан юм. Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн онд тус улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд Инженерийн дээд боловсролыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Л.Гантөмөр сайд саяхан Японы Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны хамтын ажиллагааны хүрээнд "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг БШУЯ-нд олгосон гэдгийг онцолж байсан билээ."Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хэрэгцээ шаардлагын талаарх урьдчилсан судалгааг Японы талаас хийжээ.

2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ

Төслийн хамрах хүрээ, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох судалгаа, боловсруулалтыг ч хийсэн байна. Уг төсөл инженер техникийн чадварлаг мэргэжилтнийг богино хугацаанд бэлтгэх зорилготойгоос гадна ШУТИС, МУИС-ийн инженер бэлтгэх болон байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх, багш, эрдэмтэн судлаачдын сургалт, судалгааны ажлын чанарыг дэмжихэд чиглэж байгаа юм.

Японы талаас урт богино хугацаанд эрдэмтэн багш нар ирж хөтөлбөр боловсруулалт, 20 төрлийн хамтарсан судалгааг манай эрдэмтэн багш нартай хамтран хийх юм байна. Энэ төсөл хэрэгжснээр манай их дээд олон улсын түвшний инженер бэлтгэх сургалтын хөтөлбөр, орчинтой болно гэж салбарынхан онцолж байна.

2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиуд харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай юм.

Мөн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх КОСЭН-ы бэлтгэл сургалтын хөтөлбөр боловсруулж Японы КОСЭН-ы гуравдугаар курсэд элсэн ороход шаардлагатай мэдлэгийг олгох гэж байна. Ингэснээр бага зардлаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олгох боломж бүрдэж байгаа юм.

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотод метро, гүүр барих, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал барих болон бусад бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтныг бэлтгэх боломжтой юм.