Орхон аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус чуулган болов
Орхон аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус чуулган болж бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Урилгаар аймгийн Засаг дарга Г.Зоригт, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Удирдлага, хяналтын газрын дарга Ц.Батгэрэл, мэдээлэл, судалгааны газрын дарга н.Бадмаараг нар ирсэн юм. Чуулганы эхэнд Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт хүүхэд, залуучуудын чиглэлээр баримталж буй бодлогыг танилцуусан. Тухайлбал, хүүхэд, залуучуудын кино театр, Оюутны хотхон, залуучуудын “Чөлөөт бүс”, “Залуучуудын хөгжлийн төв” байгуулах талаар хийж буй ажлаа товч тайлагнасан юм. Үүний дараа тэрээр Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үзсэг зурлаа.
Монголын Залуучуудын холбоо нь ажилтай, орлоготой, эрдэм мэдлэгтэй залуу үеийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байгаагаа чуулганы үеэр онцоллоо. Архидалт, авилгыг багасгахад залуусыг уриалж түүнд чиглэсэн олон хөтөлбөр, бодлого хэрэгжүүлж буй гэнэ. Үүнээс гадна Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд “Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан хэлтэс” байгуулж НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Залуучууд хөгжлийн хөтөлбөр 2013-2017” төслийг 14 аймагт хэрэгжүүлж “Залуучуудын хөгжлийн төв” байгуулахаар төлөвлөж буй ажээ. Гэвч энэ төсөлд Орхон аймаг хамрагдаагүй ч өөрсдийн нөөц боломжоороо ийм төвийг 2015 онд байгуулахаар зэхэж байгаад МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат таатай байгаагаа илэрхийлсэн.
undefined
Ээлжит бус чуулган нэг өдөр үргэлжилсэн бөгөөд 207 төлөөлөгч оролцлоо. Эрүүл мэнд, боловсрол гээд 26 салбар нэгжээс залуусын төлөөлөл ирсэн байлаа. Чуулганаар Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох зэрэг бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүний сонгуульд аймгийн Засаг даргын туслах Б.Мөнхболд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Барилга засварын цехийн хүний нөөцийн менежер Э.Цагаанхүү нар өрсөлдөж 154 хүний санал буюу 74.3 хувиар Б.Мөнхболд тэргүүнээр сонгогдлоо. Тэрээр 1990 онд төрсөн юм. Харин Э.Цагаанхүү 40 хүний санал буюу 19.3 хувиар ялагдлаа.