Х.Баттулга: Монгол Улс Крымийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.03.18

Х.Баттулга: Монгол Улс Крымийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, “Монголын Ардчилсан Холбоо”-ны тэргүүн Халтмаагийн Баттулга Крымийн бүх нийтийн санал асуулга болон түүний үр дүнг хууль ёсны гэж үзэж байгаа талаар Оросын Firstnews.ru сайтад утсаар ярилцлага өглөө хэмээн тус сайтад гарчээ.

Бид Х.Баттулга сайдаас энэ талаарх тодруулгыг авах гэсэн боловч түүнтэй холбогдож чадсангүй. Юутай ч тус сайтад гарсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Та Крымийн бүх нийтийн санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч, ОХУ-ын байр суурийг дэмжиж байна уу?

-Аливаа үндэстэн өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж бодож байна. Миний хувийн бодол бол Крымийн ард түмэн ОХУ-ын талд сонголтоо хийсэн. ОХУ-ын бүрэлдэхүүнд орохын тулд нийт хүн амын 95-аас дээш хувь нь саналаа өгсөн .

Монгол ч гэсэн энэ замыг туулж өнгөрүүлсэн. 1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол улсад бүх нийтийн санал асуулга болсон бөгөөд үүгээрээ манай улс тусгаар тогтнолоо сэргээсэн. Асуудлыг цэргийн зөрчлөөр шийдвэрлэхээс илүүтэй бүх нийтийн санал асуулга явуулах нь зөв гэдэгтэй та санал нэгдэх байх. Мэдээж бид хөрш Орос улсыг дэмжиж байна.

-Монгол жуулчид Сочид болон Крымд очиж амрах болов уу. Та юу гэж бодож байна?

-Сочи болон Крым өмнө нь бидний хувьд хамгийн дуртай, бараг цорын ганц амралтын газар байв. Манай удирдагчид байнга Крымд амардаг байсан. Би хүүхэд байхдаа Артект очихыг мөрөөддөг байлаа. Тэгээд “Бид Артек явна” гэсэн тэмцээнд оролцож байсан юм. Харамсалтай нь ялагдсан. Тухайн үед сэтгэлээр их унаснаа одоог хүртэл санаж байна.

-ОХУ хяналтын хувьцааг нь эзэмшдэг Улаанбаатар төмөр замын асуудал юу болж байгаа вэ?

-Монгол далайд гарцгүй улс тул төмөр зам Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Монголын төмөр замын хөгжил Сибирь болон Алс Дорнодын хувьд бүхэлд нь стратегийн чухал ач холбогдолтой гэж бодож байна. Харамсалтай нь би төмөр замын салбар дахь хоёр талын ажлын үр дүнд сэтгэл хангалуун бус байна.