Туркменистаны элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд Туркменистан улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан энэ сарын 13-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр элчин сайд Ч.Т.Рустамоваг туркменистаны талд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол их байгаа бөгөөд энэ зорилгоор харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлыг зохицуулах Засгийн газар хоорондын комисс байгуулах саналаа илэрхийлэв. Хоёр улсын хооронд дээд өндөр хэмжээнд айлчлал хэрэгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Туркменистан Улсад айлчлахыг урьж байгааг тэрээр тэмдэглэв.
Сайд Л.Болд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.Мередовыг Монгол Улсад айлчлахыг урьснаа нотлов. Талууд хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 5 дугаар сард хийж, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар тохиролцов. Мөн бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс орноо харилцан танилцуулах арга хэмжээний талаар санал солилцов.