БНСУ-ын Үндэсний Асссамблейн дарга Кан Чан Хийтэй уулзав
БНСУ-Д албан ёсны айлчлал хийж байна
2014.03.13

БНСУ-ын Үндэсний Асссамблейн дарга Кан Чан Хийтэй уулзав

БНСУ-Д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй.

Цаашид БНСУ бүс нутаг дахь манай улсын ойрын түнш орны хувьд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийллээ. Мөн Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэл эрмэлзэлтэйг дурдаж, энэ нь бүс нутгийн интеграцид нэгдэхэд чиглэсэн манай бодлогын нэг томоохон зорилт гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг болохыг УИХ-ын дарга З.Энхболд хэлж байлаа. Манай хоёр улсын Засгийн газар нь иргэдийнхээ зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх чиглэлээр нэлээд алхмууд хийгдэж ирсэн.

Бид цаашид хоёр орны онцлог болон хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан улам гүн гүнзгий хамтран ажиллана гэдэгт итгэдэг.

Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд бид иргэдээ харилцан визгүй зорчуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийд хандан хэллээ.

Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий энэ удаагийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа хэлэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хандан “Хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Монгол Улс болон БНСУ нь олон улсын тавцанд ойр хамтран ажилладаг. БНСУ уул уурхайн баялаг хомс боловч хүн ам ихтэй.

Харин Монгол Улс байгалийн эрдэс баялаг ихтэй. Хүн ам цөөнтэй. Бид цаашид хоёр орны онцлог болон хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан улам гүн гүнзгий хамтран ажиллана гэдэгт итгэдэг. УИХ-ын даргын хөндсөн визний асуудлыг анхааралдаа авч ажиллана. Монгол иргэдийн визний асуудлаар Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай зарим ажлуудыг шат дараалан хийх болно” хэмээн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа болон УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцлоо