Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японд айлчлав
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.03.07

Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японд айлчлав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлав.

Төлөөлөгчид айлчлалын үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, түүний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар ярилцжээ.

Мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ц.Окүбо, Төлөөлөгчдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ш.Томита, эрх баригч ЛАН дахь Монгол, Японы харилцааг дэмжих парламентын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвийн талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрөгч онд Япон Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай оронд айлчлах үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачилгыг хэрэгжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид, түүний дотор эдийн засгийн асуудал хариуцсан байнгын хороод идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцжээ.

Б.Гарамгайбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Зоригт, Л.Энх-Амгалан, Р.Амаржаргал болон төлөөлөгчид Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Кихара, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны дэд сайд К.Акаба, Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Р.Хатанака нартай уулзжээ.

Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Олон улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/, Японы худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/, Токиогийн хөрөнгийн бирж, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /Кэйданрэн/, Япон, Монголын Эдийн засгийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монгол, Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, хувийн хэвшлийн хэлхээ холбоог өргөжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар санала солилцсон байна.

Уулзалт ярианы үеэр өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлд хийгдэж буй алхмуудын талаар японы талд танилцуулсны зэрэгцээ хоёр орны эдийн засгийн харилцаанд Япон Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол чухал болохыг онцолжээ.