Л.Болд НҮБ-ын ажилтантай уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн албаны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар 2014 оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний бага хурлын бэлтгэл, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх болон Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн 10 жилийн хэрэгжилтийг дүгнэх бага хурлын бэлтгэл асуудлаар санал солилцов.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, байр сууриа хамтран тодорхойлж баталгаажуулах, олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад Улаанбаатарын бага хурал чухал ач холбогдолтой.
Монгол Улсдалайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн идэвхитэй гишүүний хувьд энэхүү бага хурлыг өөрийн оронд зохион байгуулж буйд тус албаны дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа талархал илэрхийлж, амжилт хүссэнийг Гадаад харилцааны сайд Л.Болдод тус албаны ажилтан С.Эрдэнэбилэг уламжлав.
С.Эрдэнэбилэг нь НҮБ-д олон жил ажиллаж буй бөгөөд НҮБ болон түүний системийн байгууллагад ажилладаг монгол иргэдээс хамгийн өндөр албан тушаал хашдаг, туршлагатай нэгэн юм.