С.Оюун, Л.Болд нар НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн ерөнхий захиралтай уулзлаа
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ази, номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хурал энэ сарын 10-14-нд Улаанбаатар хотноо болж байгаа билээ.
Бага хуралд Ази, номхон далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар хүрэлцэн ирээд байгаагаас гадна тус байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Силва оролцож байна.
НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал айлчлалынхаа хүрээнд энэ сарын 12-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нартай Төрийн ордонд уулзсан байна. Уулзалтаар Монгол Улс-ХХААБ-ын хүнс, хөдөө аж ахуй, ойн салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцжээ.
Түүнчлэн сайд Л.Болд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг мэдэгдсэн байна.