Л.Болд сайд Австрали улсад айлчилна
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.03.13

Л.Болд сайд Австрали улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишопын урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 10 гаруй жилийн дараа болж байгаагаараа онцлогтой юм.

Энэ удаагийн айлчлал нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болох Австралийн Холбооны Улстай хоёр талын харилцааг “өргөтгөсөн түншлэлийн” түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг урагшлуулах, улс төрийн харилцааг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт эрчимжүүлэх зорилготой.

Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоптай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишопт бараалхан, Австрали, Монголын Парламентын бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, энэ тухай санамж бичиг байгуулна.

Уг айлчлалын үеэр Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын шинэ орчин, эрх зүйн өөрчлөлтийг танилцуулах, Австралийн хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Мельбурн хотод Австралийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, мөн Австралийн олон нийтийн телевизэд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн байдлын талаар ярилцлага өгөх юм.