Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа
2014.03.14

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр үдээс хойш Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Португал улсаас Монгол Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жорже Торрес-Пэрэйратой Монгол Улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ улс орноо төлөөлөн Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Португал улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жорже Торрес-Пэрэйра

Монгол Улс, Бүгд найрамдах Португал улсын хооронд 40 жилийн өмнө буюу 1974 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ойг тохиолдуулан Элчин сайдад баяр хүргэлээ. Португалийн Гадаад харилцааны сайд 2010 онд Монгол Улсад айлчилж, тэр үеэр хийсэн уулзалт, яриа, гарын үсэг зурсан баримт бичгүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг мөн тэмдэглэв. Португалийн талаас Монголд хийсэн уг анхны томоохон айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, залуучууд, спорт, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, бусад баримт бичигт гарын үсэг зурж байв.

Бүгд найрамдах Армен улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Армен Саргсянтай хийсэн уулзалтын үеэр хоёр орон эртнээс найрсаг сайн харилцаатай байж ирснийг тэмдэглэв. Хэдийгээр сүүлийн 20-иод жил харилцаа бага зэрэг саарсан ч шинэ нөхцөл байдалд эрчимтэй хөгжүүлэх цаг нь ирснийг Элчин сайд Армен Саргсян дурдаж байлаа. Өмнөх нийгмийн үед Армений Консерватори Монголын урлаг, соёлын салбарын ажилтнуудыг бэлтгэх нэгэн том уурхай болж байсан. Соёлын салбар нь хоёр орны харилцааг сэргээх нэг чухал сэжим мөн гэдгийг Элчин сайд онцолж байв.

Босни- Герцеговин улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борислав Маричтай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өндөр хариуцлагатай ажилд нь амжилт хүслээ. Хоёр орны хооронд дипломат харилца тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд 1993 онд гарын үсэг зуржээ. Хоёр талын харилцаа төдийлөн идэвхтэй биш байгаа ч цаашид хөгжүүлэх талаар идэвхийлэн ажиллахаа Элчин сайд Борислав Марич илэрхийллээ.

Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Соегенг Рахарджо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Соегенг Рахарджо уулзах үеэрээ Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн мэндчилгээг уламжлав. Хоёр орны хооронд аялал жуулчлал, соёл, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг тэрээр дурдаж байлаа. Ардчилал, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын хүрээнд хоёр орон ижил байр суурьтай байдгийг мөн илэрхийлэв. Монгол Улс нь Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох чиглэлээр 2005 оноос ажиллаж ирсэн бөгөөд мөн онд АСЕАН-ы найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд элсчээ. Мөн 1998 оноос АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын үйл явцад оролцож байгаа юм. АСЕАН-ы хүрээнд Монгол Улс  нь Индонез зэрэг тив, бүс нутгийн улсуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчлах урилгатай байгаа юм байна.

Швейцарийн Холбооны улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Жак Де Дарделтай хийсэн уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ 2014 онд тохиосныг онцлон тэмдэглэж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч уг ойг тохиолдуулан Элчин сайдад баяр хүргэв. Монгол Улс, Швейцарийн Холбооны улс нь ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлж, ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлээр ижил байр суурьтай улс орнууд юм гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Монголын тал  Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны агентлаг хамтран “Хүний наймаатай тэмцэх” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Л.Болд уг төслийг үргэлжлүүлэхийг хүсч Швейцарийн Гадаад хэргийн сайд Д.Буркхалтерт захидал бичсэний дагуу судлан үзэж шийдвэрлэхээр болж байгаа юм байна.

Бүгд Найрамдах Суринам улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ллойд Лусиен Пинас тус улсын анхны Элчин сайд болж байгаа юм. Бүгд Найрамдах Суринам улс нь Монгол Улстай хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон орон юм. Тус улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон 172 дахь, Латин Америкаас Монголтой дипломат харилцаа тогтоосон 26 дахь орон болоод байна. Монголд суух анхны Элчин сайд гэдгээрээ хоёр орны дипломат харилцааны түүхийг эхлүүлэх хариуцлагатай үүрэг гүйцэтгэх болсон гэдгийг Элчин сайд Ллойд Лусиен Пинас тэмдэглэж байлаа. Хоёр тал уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой юм байна.

Туркменистан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Чынар Таджиевна Рустамова

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Туркменистан улсаас  Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Чынар Таджиевна Рустамова уулзахдаа эртний түүхт, найрсаг харилцаатай Монгол оронд Элчин сайдаар томилогдон ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс-Туркменстаны харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг 2012 онд тэмдэглэсэн юм.

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд уламжиллаа. Тус улс Монгол Улстай бүх талын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгааг Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов илэрхийлжээ.  Туркменистаны тал Гадаад харилцааны яамд хооронд харилцаа тогтоох, Засгийн газар хоорондын комисс байгуулах зэрэг хэд хэдэн тодорхой саналыг дэвшүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Туркменистанд айлчлахыг урив. Туркменистаны Ерөнхийлөгч мөн Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа. Хоёр улс алс зайтай оршдог ч харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд газрын хол саад болохгүй гэдгийг Элчин сайд тэмдэглэлээ. Төрөл бүрийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтоох, бизнесийн холбоог хөгжүүлэх, соёлын солилцоог идэвхжүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт хариу мэндчилгээ дэвшүүлэв.