“Зуун айл” зах болон Төв цэнгэлдэх орчимд явган хүний гүүрэн гарц барина
нийслэлийн хэмжээнд 74 тэрбум 130 сая төгрөгийн авто зам, барилгын ажил хийг­дэхээр төсөвлөжээ.
2014.03.17

“Зуун айл” зах болон Төв цэнгэлдэх орчимд явган хүний гүүрэн гарц барина

Энэ онд нийслэлийн хэмжээнд 74 тэрбум 130 сая төгрөгийн авто зам, барилгын ажил хийг­дэхээр төсөвлөжээ.

Энэ нь өмнөх оны төсөвт өр­төгтэй харьцуулахад бараг гурав дахин буур­сан үзүүлэлт аж. Ийн тө­сөв нь танагдсан хэдий ч чанартай автозам, ба­рилга байгууламж ба­рихаар зорьж байгаа гэд­гийг Нийслэлийн ав­тозамын газрын дарга Д.Нанзаддорж онцолж байсан юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хө­рөнгө оруулалтын аж­лын хяналтыг сайжруулах тухай захирамж энэ сарын 4-ний өдөр гарч, хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.

Захирамжийн хүрээнд чанаргүй автозам барьж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй аж ахуй нэгж болон тэдгээрийг дахин дахин тендерт шал­гаруулдаг тендерийн үнэлгээний хороо ул­маар чанаргүй замыг нь хүлээж авдаг улсын комиссын бүрэлдэхүүн дэх төрийн албан хаагч­дыг олон ний­тэд зарлахаар бол­жээ. Дээрх нэрс ирэх сарын нэгэн гэхэд ил тод болох юм байна. Үүнтэй холбогдуулан нэг талаас үнэлгээний хороо, улсын комиссын гишүүд, нөгөө талаас чанаргүй автозам барьж тендерт хариуцлагагүй ханддаг аж ахуй нэгжид хуулийн ямар хариуцлага ноогдуулах талаар санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Түүнчлэн Сангийн яамны зүгээс хариуцсан зам барилгын тендерийн ажилдаа удаа дараалан хариуцлагагүй хандаж, чанаргүй автозам барьсан аж ахуй нэгжийг "хар жагсаалтад" баг­таан цаашид тендерт орох боломжийг нь хязгаарлахаар болжээ.

Энэ жил  нийслэлийн хэмжээнд 54.9 км авто­зам өргөтгөн шинэчлэх бол шинээр 40.4 км ав­­то­­зам барихаар тө­лөв­­лөжээ. Мөн есөн байр­шилд гадаргуугийн ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц, явган хүний хоёр ч гүүрэн гарц болон байгалийн чулуун 1.84 км замыг энэ ондоо багтаан тавих аж. "Зуун айл" барилгын материалын зах болон Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд явган хүний гүү­рэн гарц барихаар төлөвлөсөн бөгөөд гүй­цэтгэгч компаниуд нь аль хэдийнэ тодорч ажлаа эх­лүүлжээ.

Мөн Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол хорооллын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын ши­нэчлэлтийн ажил зураг төслийн шатандаа явж байгаа бол Налайх дүү­рэг дэх Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км, Төв номын сан­гийн уулзвараас Улсын нэгдүгээр төв эмнэлэг хүртэлх 0.54 км авто за­мын өргөтгөл, ши­нэч­лэлтийн ажлын тен­дерийг зарлажээ.

Сансарын туннелийн 0.5 км авто замын ши­нэчлэлтийн зураг төслийг боловсруулж байгаа бол Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн шал­гаруулал­тын шатандаа явж байгаа гэнэ. Яар­магийн гүүрний хоёр талын 0.5 км, Баян­зүрх дүүргийн 22 дугаар хороо, Монел, Зүүн Алтан-Өлгийн 1.2 км зэрэг авто замын ажлын нээлттэй тендер шалгаруулалтын шатанд явж байна.

 Энэ онд нийслэлийн автозамын төсөвт өртөг эрс багассан учраас өм­нөх онуудад зам барилгын ажил нь эхэлж, энэ ондоо дуусах байсан хэд хэдэн автозамын ажил зогсонги байдалд оржээ. Тухайлбал "Жэй Кэй Си" компанийн тавьж буй Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто замын хучилтын ажил бүрэн хийгдсэн ч явган хүний замын ажил хийгдээгүй байна. МТ шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх "Хомын тал" компанийн 3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хучилтын ажил бүрэн хийгдсэн хэдий ч явган хүний зам, инженерийн шугам сүлжээний нь хийгдээгүй байна. Гэрээ ёсоор наадмаас өмнө бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой.