Шинэ орон сууцны дэд бүтцийг шийдэхээр судалж байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн орон сууцны корпораци байгуулан, орон сууцны урьдчилгаа мөнгө өгөх хуримтлалгүй, моргейжийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд зориулж, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтэц инженерийн шугам сүлжээний шинэ, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх шаардлагатай. Ингээд төвлөрсөн дулаан хангамжид уягдаж, цаг алдахгүй, богино хугацаанд орон сууц барих давуу талтай.
Иймээс нийслэлийн ЗДТГ-аас шинээр барих орон сууцны дэд бүтцийг хэрхэн шийдэх талаар туршлага судалж байгаа аж. Уг асуудлаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Австрийн инженер Карл Трэтлертэй уулзлаа.
Карл Третлер “Хуучин цахилгаан станцыг шинэчилж, хүчин чадлыг нь ихэсгэх боломжтой. Танай нөхцөлд нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих боломжтой” гэжээ. Уг технологийг дэлхийн олон оронд амжилттай нэвтрүүлсэн байна.