Санамж бичигт гарын үсэг зурав
УИХ-ын гишүүн Д.Арвин болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар /2014.02.24/ Соёлын төв өргөөнөө Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд Зөвлөлийн гишүүд, Сууц өмчлөгчдийн холбоодын захирал, ажилтнуудтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
УИХ-ын гишүүн Д.Арвин Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн ерөнхийлөгчийн үүргийг хүлээдэг бөгөөд тэрээр санамж бичигт гарын үсэг зурах ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хамт Дээд зөвлөлийн гишүүд, Сууц өмчлөгчдийн холбоодын захирал, ажилтнуудын санал бодлыг сонсож, тэдний тавьсан асуултад хариулав.
Санамж бичгийн үндсэн зорилт нь төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран нийтийн орон сууцанд оршин суугч иргэдийн тав тухтай, аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Хамтын ажиллагааны санамж бичигт зааснаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн орон сууцны байруудын орц болон хорооллын доторхи гудамжны гэрэлтүүлгийг нарны эрчим хүчээр хангах, улмаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төслийг хамтран хэрэгжүүлэх аж.
Сууц өмчлөгчдийн холбоодын захирал, ажилтнуудын санал бодлыг сонсож, тэдний тавьсан асуултад хариулав.
Мөн орон сууцны байшингуудын дундах тохижилтыг хийж, тоглоомын талбай, сүүдрэвч, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргийг барьж байгуулах, эдгээрийг харж хамгаалах харуулын нэгдсэн байр, камертай болгохоор уг санамж бичигт дурьджээ.
Түүнчлэн орон сууцны нэгдүгээр давхар болон хонгилд оршин суугчдын амгалан тайван байдал, эрүүл ахуй, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх дуу чимээ ихтэй, химийн хортой, хурц үнэртэй бодис ашиглан үйл ажиллагаа явуулахыг хориглох талаар Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж мөрдүүлэхээр тохиролцсоны дээр угсармал ханатай байруудын дулаан алдагдлыг бууруулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлүүлэхэд хамтран ажиллах, ашиглалтад хүлээн авч байгаа шинэ орон сууц, их засварын ажлыг хүлээн авах улсын комисст МСӨХД-өөс төлөөлөл оролцуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр тусгажээ.
Санамж бичигт тусгагдсан ажлуудын хэрэгжилтэд хяналт тавьж, хагас жил тутам дүгнэх юм байна.