Хотын дарга Э.Бат-үүл
2014.03.14

Дулааны эх үүсвэр хязгаарлагдмал байна

Өнөөдрийн байдлаар Хан-уул дүүрэгт баригдсан зарим барилгууд дулаанд хамрагдаж чадаагүй байгаа юм.

“Амгалан” шинэ дулааны станц ашиглалтад орох хүртэл дээрх барилгууд дулаанд хамрагдах боломжгүй байгааг эрчим хүчний яамнаас мэдэгдсэн. Тэгвэл хотын дарга барилгын компаниудад хандан бие даасан эх үүсвэр барих асуудлаар гадны туршлагыг судалж нутагшуулах хэрэгтэй байгааг санууллаа.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд баригдсан 80 орчим барилга дулаанд хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа байна.  Гурав, дөрөвдүгээр дулааны станц өвлийн ид ачааллын үед улаан гэрлээ асаах шахам ачаалалтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл нийслэл хотын дулааны эх үүсвэр хязгаарлагдмал байдалтай болжээ.

Тавдугаар цахилгаан станц барих асуудал үлгэр домог шиг яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл суурийн ажил ч эхлээгүй байна. Энэ оны наймдугаар сард “Амгалан” дулааны станц ашиглалтад орохоор байгаа. Тэгэхээр өнгөрсөн онд дулаанд холбогдож чадаагүй барилгууд “Амгалан” дулааны станцаас дулааныхаа асуудлыг шийдэж болох ч дараа дараагийн баригдах орон сууцнуудад дулааны эх үүсвэр дутагдах магадлал ойрхон байна.

Хотын дарга Э.Бат-үүл: Улаанбаатар хотын тэлэлт, бүтээн байгуулалтын ажил дулааны цахилгаан станцаар хязгаарлагдаж байна. Хамгийн гол нь инженерийн энэ байгууламж нь технологийн том шинэчлэлтэй болоод бага оврын эх үүсвэр бий болчихсон. Тэр шинэ технологийг Улаанбаатарт нэвтрүүлмээр байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцнуудын дэд бүтцийн асуудлыг бие даасан байдлаар шийдэхээр зорьж байгаа. Тэгвэл дулааны эх үүсвэр цаашид ч хязгаарлагдмал байгаа тохиолдолд барилгын компаниуд гадны шинэ технологийг нутагшуулах талаар идэвхи санаачилга гаргах хэрэгтэйг хотын дарга сануулж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 20 орчим мянган орон сууц шинээр ашиглалтад орсон. 2013 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэх тооцоотой байгаа юм. Гэхдээ энэ бүгд дулааны эх үүсвэрээс шалтгаална.