МУ-ын Ерөнхий сайдын Илгээлт
Үзэл бодол чөлөөтэй салхилж байх нийгмийг бид 24 жилийн өмнө өөрсдийн итгэл үнэмшлээр байгуулсан билээ. Учир нь гагцхүү чөлөөт үзэл бодлын зах дээр Ардчилал, эрх чөлөө гэдэг бараа оршдог билээ. Тиймээс Ардчиллын үйл хэрэгт хэвлэл мэдээллийн оруулсан хувь нэмрийг хэмжих боломжгүй юм.
Хэвлэл мэдээлэл бол худал хуурмагийн эсрэг чөлөөтэй, ил тод тэмцэхэд зориулсан хамгийн том боломж бөгөөд гагцхүү үнэн гэдэг бол түүний хамгаас хүчтэй байр суурь байдаг. Тиймээс нийгмийн амьдралд оролцогч бүр, энэ салбарт ажиллаж амьдардаг хэн бүхэн үнэний дэнсний хязгаар болсон сэтгүүл зүйг эрхэмлэдэг.
Хэвлэлийн эр чөлөө ууссан газар хүний эрхийн хязгаар дуусах билээ. Ер нь түүхийн бүхий л цаг үед дэвшилтэт үзэлтэй, шинэчлэлийг дэмждэг хэн бүхэн хэвлэлийн эрх чөлөөний талд зогссоор ирсэн.
Хаана гал гарна тэнд аврагчид очдог шиг, хаана эрх чөлөө хязгаарлагдана тэнд сэтгүүлчид очиж ардчиллыг хамгаалж, шинэчлэл өөрчлөлтийг уриалан дуудаж байгаа. Тиймээс эрх чөлөөний харуул болсон сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх ашиг зөрчилдөж болохгүй юм.
Аливаа зөрчлийн эсрэг тэмцэх хамгийн гол хүч бол мэргэжил жаргал зовлон нэгт хүмүүсийн холбоо байдаг. Энэ утгаараа Монголын Сонинуудын холбоо үүсэн байгуулагдсаны 15 жил бол эрх чөлөөний хилийн харуул болох сэтгүүлчдийн нэгдсэний 15 жилийн ой гэж би хувьдаа ойлгож байна.
Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжсөний 25 жил, Монголын Сонинуудын холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг хэвлэлийн салбарын нийт сэтгүүлчдэдээ, эрх чөлөөт Монгол улсын иргэн бүрт хүргэж байна.
МУ-ын Ерөнхий Сайд Норовын Алтанхуяг