Монгол улсын Ерөнхийлөгчийн Илгээлт
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.16

Монгол улсын Ерөнхийлөгчийн Илгээлт

Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Та бүхэнд Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25 жил, Монголын сонины холбооны 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайны ерөөл дэвшүүлье.

Монгол Улс чөлөөт нийгэмд шилжсэн Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн “чөлөөт хэвлэл ”-ийн туух ч эхэлсэн. Цагаан морин жилийн хувьсгал үг хэлэх эрх, үнэт зүйлээ өмгөөлөх зоригдол, үзэл бодлоо илэрхийлэх олон ургалч боломжийг өгсөн шиг чөлөөт хэвлэлийн үүсэн хөгжих түүхийг эхлүүлсэн.

Өнгөрсөн 25 жилийн ололт амжилт, алдаа онооны халуун баримт, амьд гэрч нь Монголын чөлөөт хэвлэлийнхэн юм. Тийм ч учраас Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил бол Монголын ардчиллын хэмжүүр бодит тусгал гэж би боддог.

Чөлөөт хэвлэл үүсэн бий болж улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, сэтгэлгээний орчилд өөрийн хэв загвараа цогцлоон хөгжсөн энэ жилүүдэд Монголын сонины холбоо үүсэн бий болж, өдгөө нэгэн арваны хол давсан түүхийн гэрч, үзэл санааны армийг бий болгожээ. Хэвлэл мэдээллийн салбарыг засаглалын хэмжээнд авч үзэх хандлага бол ардчиллын шалгуур, бас иргэншсэн нийгмийн хэмжүүр болдог.

Миний бие ухаалаг төрийн тухай тогтолцооны шинэчлэл хийх томоохон зорилт тавиад байгааг Та бүхэн мэдэж байгаа. Томоохон өөрчлөлт бол сэтгэлгээнээс эхэлнэ. Монголын сэтгүүл зүйн салбар, чөлөөт хэвлэлийнхэн ч бас улс эх орныхоо язгуур эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө “Ухаалаг төр ”-ийг бий болгох үйлсэд хамтран зүтгэнэ гэж итгэж байна.

Ингээд Та бүхний ажил үйлсэд тань өрнүүн их амжилтыг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж