2013.12.12

3500-аас дээш хүн амтай 144 сумын 103 нь статистикийн ажилтангүй

Үндэсний Статистикийн Хороо орчин үеийн технологийн дэвшлийг томоохон судалгаанууддаа ашиглах болсноор өмнө 324 сая төгрөгөөр хийдэг байсан судалгааг 100 орчим сая төгрөгөөр хийдэг болжээ. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын харъяа байгууллага болох Үндэсний Статистикийн Хорооны ажилтай танилцах явцад энэ ололт амжилтынхаа тухай ярьсны зэрэгцээ цаашид тулгамдаж байгаа асуудлуудаа ч мөн тус хорооноос тайлагнасан юм.

Статистик судалгааг зүгээр ч нэг хийгээд тайлагнаад өнгөрөх биш, хүн бүрт хэрэгтэй тоо баримт, тооцоо судалгааг хүн бүрт хүртээмжтэй болгохыг зорьсноо Үндэсний Статистикийн Хорооныхон тайлагналаа. Тухайлбал, 1212.mn сайтад хандсан хүн бүр үндэсний хэмжээний цогц судалгааг үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байгаа юм байна. Улаанбаатарын утаа их болдог энэ үед аль нэг дүүргийг сонгон тус дүүрэгт чухам хэдэн өрх нүүрсээр галладагийг мэдэж болох эсэхийг УИХ-ын дарга лавлахад, Багануур дүүргийг сонгон мэдээллийн сангаас хайлт хийж, гэрт амьдардаг 1000 айл, байшинд амьдардагийг нь нэмбэл 3247 айл байгаа нь тус сайтаас байршлынхаа хамтаар гарч ирсэн юм. Энэ мэт технологийн дэвшлийг ашигласнаар далайцтай томхон судалгаануудыг ч хавсарч хийх боломж гарч, зардал хэмнэх болжээ.

Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан:

Нийтдээ 15500 өрхөөс мэдээлэл цуглуулахдаа 3 том судалгааг зэрэг хийж, үр дүнг гаргах боломжтой.

УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний Статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа.

Статистик судалгааг цаашид ажил амьдралд илүү түлхүү ашиглах боломж байгаа эсэхийг УИХ-ын дарга лавлалаа. УИХ-аар хууль батлахад нарийвчилсан тооцоо судалгаа чухал байдаг. Жишээ нь, хүүхдийн мөнгө олгох болсноор төрөлтийг дэмжиж байгаа эсэх, оюутны мөнгө олгосноор сургалтанд нь амжилт гарсан эсэх, мөн НӨАТ-ын босгыг өсгөж, олон аж ахуй нэгжийг НӨАТ төлөхөөс чөлөөлсөн нь эдийн засагт үр ашигтай юу, эсвэл 10 хувийн татварыг нь бууруулж бүх аж ахуй нэгжийг хамруулах уу гэдгээр ч зорилтот судалгаануудыг хийх боломжтойг ч Үндэсний Статистикийн Хорооноос хэлж байлаа. Харин тус Хорооноос мэдээллийг бодитой бөгөөд хямд зардлаар бүрдүүлэхэд нэн тэргүүнд сум багийн түвшинд өөрийн боловсон хүчинтэй болох асуудлыг олон жил уламжилсан ч шийдэгдэхгүй өдий хүрчээ.

Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайхан:

Судалгаанаас харахад 3500-аас дээш хүн амтай 114 сумаас 11 сум статистикийн ажилтантай. Бусад нь байхгүй.

Мэдээллийн шалгуурт үнэн бодит байдал хамгийн чухал байдаг. Энэ чиглэлээр Эрүүл Мэндийн Яам статистик мэдээгээ хамгийн сайн ирүүлдэг бол БШУЯ, ССАЖЯ, ҮХААЯ-ны мэдээ дутдаг, бодит байдлыг нь хянахын тулд цаг, хөрөнгө, хүч их зарцуулдаг гэдгээ тус хорооныхон УИХ-ын даргад хэлж байсан юм.