2017 онд 25 мянган ажлын байр бий болно
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай Арьс ширний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудлыг талаар ярилцлаа.
- “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” үзэсгэлэнд арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж нилээн оролцож байна. Өнөөдөр монголын арьс ширний үйлдвэрлэлийн салбар хэр түвшинд байна бэ?
Монголын арьс ширний холбоонд хамрагдаж байгаа 100 гаруй компани аж ахуй нэгж бол үндсэндээ салбарынхаа шилдгүүд нь шилэгдэн хоцорсон гэж бодож байна. Бусад үйлдвэрлэл шиг хэн бүхний хийх салбар биш.
Бүтээгдэхүүн түүхий эдээ сонгож аваад, боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгоод сурчихсан аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжих ёстой. Бодлогын түвшинд цэгцтэй засгийн газраас дэмжээд санхүүжилтийг нь шийдээд явах юм бол 2017 он хүртэл байнгын тогтвортой 25 мянган ажлын байр арьс, ширний салбарт байгаа гэдгийг өнөөдөр хөдөлмөрийн сайдад уламжилсан.
Энэ нь цаашаа засгийн газарт шийдвэр гаргах түвшинд хүрнэ. Монголын арьс ширний холбоог дэмжиж ажиллах нь зүйтэй.
- Монголын эдийн засагт дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нилээн хувь нэмрийг эзэлж байна. Арьс ширний салбарын хувь нэмрийг та юу гэж үнэлэх бэ?
Арьс, ширэн түүхий эдийн байршил
Монголын эдийн засгийн ихэнх хэсгийг хувийн хэвшил үүрдэг. Төр засгаас ямар нэгэн хууль эрх зүйн, хөнгөлөлтийн зохицуулалт хийж хувийн хэвшлийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Ингэж байж хөгжлийн өнгө төрх тодорхой болно.
Монголын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг маш их л гэж хэлнэ. Хөдөлмөрийнхөө үр шимийг мэдэрч байгаа залуучууд хувийн хэвшлээс л төрнө гэдэгт итгэлтэй байна.
- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол боловсон хүчин дутагдалтай гэж хэлсэн. Боловсон хүчнээр дэмжихэд ямар арга хэмжээ авч байна?
Боловсон хүчинд гарцаагүй анхаарах шаардлагатай. Монголын арьс ширийг Итали, Бразилийн мэргэжилтнүүд сайн гээд дүгнэчихсэн. Түүхий эд бэлтгэлийн явцын алдаа байгаа ч боловсон хүчин бий болгох талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллана.
Тиймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудад арьс урлалын чиглэлээр анги нээх бодолтой байна.
- Аж ахуй нэгжүүдээс өөрсдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад татварын хүндрэл үүсч байна гэж хэлсэн. Экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх үү?
Тодорхой салбарыг дэмжсэн хууль эрх зүйн орчныг л бий болгож өгөх хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжээд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай технологийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлж өгч байгаа. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийг хөнгөлж байгаа.
Одоо харин ур, чадвараа харуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дэлхийн зах зээлд гаргахын тулд анхаарч ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайдын үүргийн дагуу Тайландын торгыг Монгол ноолууртай хослуулах чиглэлд албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Тэгэхээр арьс шир үйлдвэрлэгчдийг дэмжихээр ҮХАА яамтай хамтран бодлого гаргаж засгийн газарт санал болгон тавина.