Арьс ширний 60 хувийг дотооддоо боловсруулна
Монгол Улсын хэмжээнд жилд 10 сая малын арьс, шир зах зээлд гаргадаг гэсэн судалгаа бий.
Үүнийхээ 60 хувийг дотооддоо боловсруулах зорилтыг ҮХААЯ-наас тавьж буй. Тэгвэл Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол өнгөрсөн долдугаар сард гарч, газрын асуудлыг нь шийдвэрлэсэн байна.
ҮХАА-н сайд Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт арьс, ширний үйлдвэрийн цогцолбор барих 15 га газартай танилцжээ. Жилдээ 7-10 сая арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр баригдсанаар орон нутагт ажлын байр нэмэгдэх, дотооддоо баялаг бүтээх боломж нээгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.
Арьс шир боловсруулах үйлдвэр
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Арьс ширний үйлдвэр нь төмөр зам, дэд бүтэцтэй ойр байх ёстой. Тиймээс Дарханы дулааны цахилгаан станцын орчим арьс, ширний үйлдвэр барихаар төлөвлөж, газраа сонгосон. Шийдвэр гарвал орон нутаг газраа баталгаажуулахад бэлэн байна.
Цэвэрлэх байгууламжийг орчин үеийн шаардлага хангасан технологийн дагуу барьж, Дэлхийн банкны 20 мянган ам.долларын санхүүжилтийг салбарын яам шийдвэрлэнэ” гэв. Яамныхан Налайх, Багануур, Дархан, Эмээлт гэсэн байршлуудыг судлаад Европын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахад төмөр зам, газарзүйн байршлын хувьд , Дархан-Уул аймаг тохирч байгаа тул тэнд байгуулах шийдвэр гаргасан байна.