Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн эргэн төлөлт 94 хувьтай байна
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан энэ жил 500 тэрбум төгрөгийнзээлийг олгох юм байна. Үүнээс 49,1 тэрбум төгрөг нь энэ жил төвлөрөх бөгөөд урьд гарсан 312,5 тэрбум төгрөгийн эргэлтэд Хөдөлмөрийн яам анхаарал хандуулж байна.
Одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлт 94 хувьтай байгаа талаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээллээ. Сүүлийн 3-4 жилд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж олгосон зээлийн эргэн төлөлтөөс энэ оны гурав, дөрөвдүгээр улирлын эцэс хүртэл 49,1 тэрбум төгрөг нь төвлөрнө.
Эхний нэгээс хоёрдугаар улиралд төвлөрсөн 14,2 тэрбум төгрөгийг хөдөө орон нутгийн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг тус бүр 500 сая төгрөгөөр хуваарилаж үйлдвэрлэл аж ахуй эрхлэгч нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоод байгаа.
2009 оноос эхлэн орон нутаг, нийслэл, бүс нутгийн хэмжээнд долоон хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 100-200 сая, 200 саяас дээш төгрөг хүртэлх зээл олгосон. Энэ хугацаанд хөнгөлөлттэй зээлд 5100 гаруй иргэн, аж ахуй нэгж хамрагдаж 23 мянган ажлын байр шинээр бий болжээ.
Хөнгөлөлттэй зээлд 5100 гаруй иргэн, аж ахуй нэгж хамрагдаж 23 мянган ажлын байр шинээр бий болжээ.
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Томоор нь авсан аж ахуйн нэгжүүд ямар ажлын байр бий болгосон. Үйлдвэрийн байраа барьсан эсэх, хичнээн ажлын байр хадгалж, хичнээнийг шинээр бий болгосныг газар дээр нь шалгаж үзнэ.
Манай яамны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүд манай бодлогын газрын мэргэжилтнүүдтэй хамтраад хөдөө орон нутагт тодорхой аж ахуйн нэгж иргэдийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж байна.
Тэгснээрээ бид зарим зээлийг эргүүлэн татах , зарим аж ахуйн нэгжүүдийг зориулалтын бусаар ашигласан бол дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа гэв.
Дэлхийн бусад улс орон тухайлбал, Япон улс төрийн бодлогоор энэ салбарыг дэмжиж 1948 онд анх энэ чиглэлийн газар байгуулж байжээ. Гадаадын томоохон хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих 300 гаруй төв байдаг бол манай улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт 30 хөдөлмөрийн хэлтэс үйл ажиллагаа явуулж байна.
Мөн манай улс урьд өмнө төрийн хөнгөлөлттэй зээл авч байсан иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг ил тод байлгах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд 330 суманд жил бүр олгодог сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн мэдээллийг аймаг сум хөдөө орон нутгийн малчин иргэдэд багийн даргаар дамжуулж хэвлэмэл байдлаар түгээжээ.
Жижиг дунд үйлдвэрлэл
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Мэдээллийг ил болгосноороо нэгдүгээрт бид ард түмнийхээ итгэлийг хүлээх хэрэгтэй.
Хоёрдугаарт хариуцлагатай алба хашиж байгаа тухайн зээлийн хувь заяаг шийдвэрлэдэг төсөл сонгон шалгаруулах комисст орсон сумын болоод тухайн орон нутгийн удирдлагын хүмүүс зээлийн хувь заяанд яаж хандсаныг ард түмэндээ ил болгоно.
Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын бодлогын нэн тэргүүний зорилт. Мөн зээлийн мэдээлэл ил тод болсноор зээлийн эрсдэлийг бууруулж, үр ашгийг нь нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа гэлээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газарт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн зүгээс зээлийн эх үүсвэр нүдээ олсон төсөлд хүрэхгүй байна гэдэг гомдол ирдэг байсан бол одоо иргэд өөрсдөө хяналт тавих боломжтой болж байна.