Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан
2013.06.05

Б.Бат-Амгалан: Сум хөгжүүлэх сангийн зээлийг хэрэгжилтээр нь олгоно

Гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй, арилжааны банкаар дамжилгүй олгодог сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийг Хөдөлмөрийн яам, авлигатай тэмцэх газар шалгаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгоод хоёр жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд олгогдсон зээл ихэвчлэн ямар салбарт олгогдсон бэ?

Сум хөгжүүлэх сангийн зээл 2011 оноос эхлэн гурван жил өгөгдөөд байна. 2012 оны эх үүсвэр сонгуулиас шалтгаалан оны эцсээр хуваарилагдсан. 2013 оны эх үүсвэрийг бүх төрлийн чанартай бүтээн байгуулалтыг угтаад  эртхэн санхүүжилтийг нь өгье гэсэн үүднээс гурван сардаа багтааж өгсөн.

Сум хөгжүүлэх сангийн онцлог бол орон нутагт эрх мэдлийг нь өгсөн учраас орон нутгийн засаг даргаар ахлуулсан комисс дотооддоо журмаа хараад тухайн сумын хөгжлийн бодлого, сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт уялдуулж  сумын эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий төслийг дэмжих үүрэгтэй.

-Сумдыг харьцуулаад харвал газар нутаг, хүн ам, үйлдвэрлэл эрхэлж буй салбар нь харилцан адилгүй байдаг. Нэг суманд олгох зээлийн хэмжээ үүнээс шалтгаалаад өөр өөр байгаа байх. Ямар шалгуурыг үндэслэн сумдад ямар хэмжээний зээлийг олгож байна вэ? Доод болон дээд хязгаар нь?

Сүүлийн гурван жилд, жилдээ 24 тэрбум төгрөг нийт 72 тэрбум төгрөгийг сум хөгжүүлэх сангуудад хуваарилаад байна. Сумуудын хүн амын тооноос хамаарч хамгийн бага хүн амтай суманд жилийн 50 сая төгрөг, том сумууд буюу аймгийн төвүүдэд жилд 265 сая төгрөг хуваарилагддаг.

-Зээлээ зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хариуцлага яаж тооцогдож байгаа вэ?

Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар энэ асуудлыг хариуцах болсоноос хойш хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, газар дээр нь танилцсан.

Хөдөөгийн иргэд малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих зорилготой энэ зээлийн хэрэгжилт замбараагүй, тухайлсан иргэдэд нүдээ олж очихгүй, мэдээлэл нь ил тод шуурхай хүрэхгүй, төсөл сонгон шалгаруулах газар шударга бус ажиллаж байна гэсэн мэдээллийн мөрөөр яамны ажлын хэсэг сумуудад ажилласан.

Хөдөлмөрийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, зөвхөн сум хөгжүүлэх сан төдийгүй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол сургалтын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд нилээн олон сангуудын журмуудыг шинэчлэх, тодорхой болгох чиглэлээр ажиллаж байна.

-Сумаа хөгжүүлье гээд төсөл бичээд , нэгдээд  төслөө бэлдчихсэн иргэдэд мэдээлэл нь очихгүй байна гэсэн гомдол гарч байна. Иргэдэд энэ сангийн зээлийн талаар мэдээллийг хэн хүргэх үүрэгтэй вэ? Яагаад энэ ажлын явц муу байна вэ?

Орон нутагт сумын засаг даргаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй төсөл сонгон шалгаруулах комисс бий. Дотооддоо төслүүдийг хүлээн авч, анхан шатныхаа шалгаруулалтыг хийгээд иргэдийн оролцоотой, хамтын шийдвэрээр  тухайн суманд ач холбогдол бүхий төслүүдийг дэмжих ёстой.

Нийт 72 тэрбум төгрөгийг сум хөгжүүлэх сангуудад хуваарилсан.

Гэтэл иргэдээс засаг даргын тамгын газрын байшинд асуудал шийдэгдэж байна. Энэ асуудлыг газар дээр нь шийдэж өгөөч. Тухайн төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн нь хуулийн дагуу байгуулагдсан эсэхийг нягталж, аудит оруулж өгнө үү гэсэн удаа дараагийн хүсэлтүүд ирсэн.

Иймд бид сүүлийн хоёр сар энэ сангийн хэрэгжилтийн талаар аймаг сумдад ажиллаж байна. Зарим сумдууд иргэддээ нээлттэйгээр бидний өгсөн чиглэлийн дагуу зөвхөн сумын төвийн биш хөдөөгийн малчин иргэдийн төлөөллийг авчираад багийн дарга нартайгаа орж ирсэн төслүүдийг хэлэлцэж, эрэмбэлээд, эрэмбэлсэн төслөөсөө хамгийн эхний 50 сая төгрөгөөр аль аль төслийг санхүүжүүлвэл зүгээр вэ гэдгээ иргэдийнхээ саналаар шийдэж байгаа.

Эрэмбэлсэн төслүүдийг тухайн төсөл оруулж ирж буй хүмүүс нь иргэдийнхээ өмнө хамгаалж байна. Ийм ил тод байдлаар шийдвэл иргэдийн зүгээс гомдол чирэгдэл багатай. Тухайн сумын засаг дарга болоод төсөл сонгон шалгаруулах комиссын үйл ажиллагаа хөнгөлөлттэй явах байдал ажиглагдаж байна.

Тэгэхээр бид Засгийн газар, Хөдөлмөрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу, авлигатай тэмцэх газрын ажлын хүрээнд хөдөлмөрийн хэлтсүүд, сумын жижиг дунд хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг ард түмэнд ил тод, нээлттэй болгоход анхаарал хандуулан ажиллаж байна.

-Төсөл сонгон шалгаруулж буй зөвлөл ашиг сонирхлын зөрчилтэй байгуулагддаг. Аль эсвэл эдийн засгийн мэдлэг муутай байгаа нь зээл авч буй иргэдэд хүндрэлтэй байна гэсэн гомдлыг тавьж байсан. Цаашид энэ асуудлыг яаж шийдэх вэ?

Суман дээр тухайн төслийг хүлээж авч буй төслийн нарийн бичиг эдийн засгийн хувьд өндөр мэдлэгтэй, төслийг уншаад ойлгодог, мэдлэгтэй, дээд боловсролтой хүн байх ёстой. Мөн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг чадвартай хүмүүсээр бүрдүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой зээл нь эзнээ олоогүй бол эргүүлэн татна.

Бид сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийг харж дараа жилийн эх үүсвэрийг хуваарилах бодолтой байна. Үр дүн муутай, иргэддээ мэдээлээгүй,  гомдол чирэгдэл дагуулсан сумуудын эх үүсвэрийг нь хасах, хуваарилахгүй байх талаас нь хариуцлагын тогтолцоог бий болгоно.

-2013 онд ямар төслийг шалгаруулж байгаа вэ?

Хөдөөгийн иргэдийн ахуй, амьжиргааг дээшлүүлэх ядуурлыг бууруулахад манай улсын эдийн засгийн гол үзүүлэлт болсон хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах, сүү цагаан идээ боловсруулах чиглэлийн төслүүдийг түлхүү дэмжиж байна.