Х.Баттулга сайд салбарынхаа талаар илтгэл тавилаа
ҮХААЯ-ны сайд Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд болсон орон нутгийн удирдлагуудын сургалтанд оролцож тус салбарын талаар мэдээлэл өглөө. Энэ салбарын хөгжлийг тодорхойлсон түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Үйлдвэр хөдөө, аж ахуйн эрчимтэй хөгжлийн бодлого
Сайн байцгаана уу? Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд та бүхэнтэй уулзаж буйдаа туйлын таатай байна.
Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нийт 319 зорилттойгоос үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт холбогдох 83 зорилт дэвшигдсэн нь Шинэчлэлийн засгийн газраас үйлдвэржилт, бүтээн байгуулалт, мал аж ахуй, газар тариалангийн хөгжилд томоохон дэвшил гаргахыг зорин ажиллаж буйн тод илрэл юм.
Хүнд үйлдвэрийн салбар:
2021 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 41 тэрбум долларт хүргэнэ
Сүүлийн хорин жилд боловсруулах үйлдвэрийн салбарт бодитой өсөлт гарсангүй. Харин өнөөдөр эх орны маань байгалийн баялаг бидэнд Катар, Өмнөд Солонгос, Казакстан зэрэг орны жишгээр хөгжлийн шинэ шатанд дэвших, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх боломж олгож байна. ҮХААЯ зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаа ухаад гаргадаг биш дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Ирэх дөрвөн жилд хийгдэх Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор байгуулах, Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлэх, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг улс орны хэмжээний томоохон төслүүдийг хийж хэрэгжүүлнэ. Бид эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлсэнээр 2021 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 41 тэрбум долларт хүргэж, түүхий эдийн гадаад үнийн хэлбэлзлийн нөлөөллийг багасгаад зогсохгүй ажлын байрыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой.
Хөнгөн үйлдвэрийн салбар:
Хөнгөн үйлдвэрийн салбар ажлын байрыг олноор нэмэгдүүлдэг, орон нутагт хөгжих бүрэн боломжтой. Тус салбарт ноос, ноолуур, арьс ширийг гүйцэт боловсруулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ойн хаягдал ашиглан шахмал хавтан үйлдвэрлэх, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин орон нутагт ажлын байр бий болгох зорилтуудыг дэвшүүлсэн. Бид ноосонд урамшуулал олгосон нь малчинд, үйлдвэрлэгчид ч үр ашигаа өглөө. Энэхүү урамшууллыг цаашид үргэлжлүүлэх бөгөөд 2016 он гэхэд анхан шатны боловсруулалт хийсэн ноосны экспортыг зогсоож, 100 хувь дотооддоо бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаад зах зээлд нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн монгол хонины ноосоор ноосон даавуу үйлдвэрлэн цэрэг, цагдаа, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж оёдлын салбарт томоохон үсрэлт гаргах болно. Ноолуурын салбарын хувьд боловсруулаагүй ноолуурын экспортыг зогсоож улмаар 2020 он гэхэд ноолуурыг дотоодоо 100 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
2020 он гэхэд ноолуурыг дотоодоо 100 хувь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Үндэсний үйлдвэрт арьс, ширээ нийлүүлсэн малчинд урамшуулал олгох болон арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох ажил энэ оноос эхэллээ. Ингэснээр нийт арьсны 20 хувь нь дотоодоо боловсруулагдаж 80 хувь нь түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортонд гардаг байдал эцэс болно.
Ой мод үйлдвэрлэлийн салбарт ойн хаягдал ашиглан шахмал хавтан үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Энэхүү ажлыг орон нутгийн ойн нөхөрлөлүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.
ҮХААЯ-с хөдөө, аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн худалдааг зохицуулахаар биржийг байгууллаа. Бирж байгуулагдсанаар орон нутагт бэлтгэгдэж буй түүхий эдийн чанар, стандарт сайжирч, бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтож, хонины хотноос, хотын дэлгүүрт ирэхдээ хэд дахин нэмэгддэг хиймэл үнийн хөөрөгдөл үгүй болж хөдөө, аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчид, худалдан авагчидад бодит үр өгөөжөө өгнө.
Цаашдаа салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилганд тулгуурлан ноос, ноолуур, арьс шир боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг орон нутагт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх болно.
Хүнсний үйлдвэрлэлийн салбар:
Саяхан батлагдсан хүнсний тухай хуулийн дагуу мах, сүүнд урамшуулал олгож эхэлнэ. Энэ бол үйлдвэрлэгчдээ ч дэмжсэн малчидаа ч дэмжсэн бодлого. Энэхүү бодлого амьдралд хэрхэн хэрэгжих нь орон нутгийн удирдлага та бүхнээс шууд хамаарна.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хувийн жинг нэмэгдүүлж, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг багасгана. Хүнсний аюулгүй, баталгаат байдлыг хангахын тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал: Монгол банктай хамтран хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Цаашдаа төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн үйлдвэрлэлийн бүх талаар дэмжих болно.
Мөн хүнсний тухай шинэ хуулийн дагуу сумын Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр (малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин Аймаг, нийслэлийн Засаг дарга “стратегийн хүнс”-ний улирлын нөөцийг Засгийн газраас баталсан журмын дагуу бүрдүүлж, зарцуулах эрхтэй болсон. Хүнсний сүлжээнд оролцогч бүр хариуцлагатай байх цаг ирсэн гэдгийг энд зориуд дурьдмаар байна. Түүнчлэн та бүхэн мэдэж байгаа
тамхины тухай хууль энэ 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ
. Энэхүү хуулийн хэрэгжилтыг хангахад та бүхний оролцоо туйлын чухал.
Газар тариалангийн салбарт хоршин ажиллахыг дэмжинэ. Газар тариалан, хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулах замаар үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Атаршсан талбайг сэргээн ашиглах, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх ажлыг та бүхэнтэй хамтран зохион байгуулна. Төмс, хүнсний ногооны хадгалалтын хугацааг уртасгах, агуулахын аж ахуйг хөгжүүлэх, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох ажлыг эхлүүлнэ.
Өнөөдрийг хүртэл улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч байсаар ирсэн мал аж ахуйн салбарт эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх, малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг чанартай зохион байгуулах, мал сүргийг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжруулах, бэлчээрийн менежментийг зүй зохистой хийх зэрэг томоохон зорилт тавин ажиллана. Түүнчлэн малчдын хамтран ажиллах үүсгэл санаачлагыг дэмжиж малчдын хоршоо байгуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Ингэснээр зуун тавин таван мянган малчин өрхөд төдийлөн оновчтой хүрч чадахгүй байсан төрийн бодлого, үйл ажиллагааны үр өгөөж хэд дахин дээшлэх болно. Нэг өрхөөрөө хангалттай сайн хийж бэлтгэж чадахгүй байсан хадлан тэжээл, малын гаралтай түүхий эдээ бэлтгэх, худалдаалах зэрэг асуудлуудаа малчид маань шийдвэрлэж чадна.
Мөн яамнаас хэрэгжүүлж буй арьс, шир, ноос, мах, сүүний урамшууллын бодлого малчдын амьжиргаанд бодит хувь нэмэр оруулна гэдэгт
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас орон нутагт худаг ус гаргах, бэлчээр хамгаалах, хортон шавьжтай тэмцэх, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтыг төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн Эдийн засаг хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 21 аймаг, сум бүрд хэрэгжүүлэх “Шинэ сум” төсөл тун удахгүй эхэлнэ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжихэд та бүхний хувь нэмэр, оролцоо туйлын чухал.
Төгсөлд нь хэлэхэд энэ оноос орон нутагт эрх мэдэл илүүтэй шилжсэн. Эрх мэдэл нэмэгдэнэ гэдэг бол хариуцлага өндөрсөнө гэсэн үг. Иймээс та бүхэн минь хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, хийсэн бүтээсэндээ эзэн байна гэдэгт итгэж байна.