2022.01.07

“Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар эхлүүлсэн “Шинэ Ховд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Ховд аймаг, баруун бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчдыг бодлогоор дэмжих уг хөтөлбөр жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулах, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгаа томруулах, шинээр ажлын байр бий болгох зорилготой.

“Шинэ ховд” хөтөлбөрийн томоохон төслүүд өдгөө амжилттай хэрэгжиж эхэлсэн бол “Шинэ Ховд- Үйлдвэр технологийн парк”, “Ховд Агро парк”-ыг байгуулах ажлын хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагджээ.

Паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, энэ онд ажил нь эхлэх юм. Үүгээр ч зогсохгүй Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг тун удахгүй өргөн барьж хэлэлцэнэ. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн нөхцөлд иргэд, ААН-үүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох юм.

Төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ Ховд” ББХК-ийн https://www.facebook.com/shinehovd болон 70430001 утсаар лавлан авна уу.