Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Бат-Амгалан
2013.06.27

Зээлийн журмаа шинэчлэн батлуулахаар ажиллаж байна

Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр Орон нутагт амьдарч буй иргэддээ олгож буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл эзэндээ очиж байна уу гэдэг асуудлаар Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцлаа.

-Танай олгож буй зээл олон давуу талуудтай. Энэ жил 24 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ мөнгө сумдад очсон уу?

-Энэ жилийн улсын төсөвт суулган Хөдөлмөрийн сайдын багцад суусан мөнгө сумуудад хүрсэн байгаа. Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэр хөдөөгийн иргэд тухайлбал сумын төвийн иргэд малчдын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой зээл юм.

-Зээлийг олгоод гурван жил болж байгаа. Энэ зээлийг авснаар хэдэн хүн баталгаат амьдралтай болж чадсан бэ?

-Аймаг сумуудаас авсан албан ёсны мэдээллээс үзэхэд 6076 хүн шинээр ажлын байр бий болгож, 4500-аад ажлын байр хадгалагдаж үлдсэн гэсэн мэдээ байна. Гэхдээ хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг томилогдоод газар дээр нь хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг хийж байна.

-Хөдөө орон нутагт ажиллаж байхад Жижиг дунд үйлдвэрийн зээл жинхэнэ эзэндээ очихгүй хэдэн дарга нарын танил арын хаалгаар очоод байна гэсэн асуудал байнга яригддаг. Энд хариуцлагын тогтолцоог нь эргээд хэр хянаж байгаа вэ?

-Бид хэрэгжилтийг хянах явцдаа хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Сум хөгжүүлэх сангийн журмыг дахин шинэчлэн батлуулахаар Хөдөлмөрийн яам, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, зарим заалтуудыг тодорхой болгох шаардлагатай байгаа.

-Авлигатай тэмцэх газрынхан орон нутагт ажиллах үеэрээ шалгасан бас нэг асуудал бол энэ зээл байгаа. Хяналтын зөвлөл үндсэн үүргээ гүйцэтгээд ажиллаж чадаж байна уу?

-Ерөнхийдөө орон нутгийн удирдлагуудад эрх мэдлийг нь өгсөн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг иргэдэд хүргэх, мэдээллийг ил тод болгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах сумуудын удирдлагууд хариуцлага муутай хандаж байгаа. Тэгэхээр хэрэгжилтийг шалгах явцдаа хуулийн хүрээнд зөвлөгөө өгч байна.

-Зургаан аймагт ажиллахад зээлийн хэрэгжилт, нөхөн төлөлт хамгийн муу нь ямар аймаг байсан бэ?

-Авлигатай тэмцэх газраас нэр бүхий зургаан аймагт шалгаж үзээд Увс, Өмнөговь аймгийг хамгийн хэрэгжилт муутай гэсэн дүгнэлт гаргасан. Авлигатай тэмцэх газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газраас мөн хэрэгжилттэй танилцаж байна.

-Иргэдээс зээлийн талаар мэдээллийг зохих албан тушаалтнууд бидэнд өгөхгүй байна гэдэг асуудал яригддаг. Мөн иргэд энэ зээлд хэр хариуцлагатай хандаж байна вэ? Авахын тулд төслөө боловсруулж чадаж байна уу?

-Хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн хөнгөлөлттэй зээлүүд орон нутагт маш ихээр очиж байгаа. Сум хөгжүүлэх, орон нутаг хөгжүүлэх сан гээд 400-500 сая төгрөг тухайн суман дээр нь очиж байгаа.

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий зургаан аймгийг шалган Увс, Өмнөговь аймгийг хамгийн хэрэгжилт муутай гэсэн дүгнэлт гаргасан.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн онцлог бол тухайн суман дээрээ зөв хэрэгжүүлээд явбал арвижиж өсдөг зээл. Иргэд төрийн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сумын удирдлагуудаасаа шударгаар шаардаж, мэдээллийг гаргуулж авах хэрэгтэй.

Мөн тухайн сумын төсөл сонгон шалгаруулах комисс ямар шийдвэр гаргасан, хэнд хэдэн төгрөгийг ямар төсөлд хэзээ олгосныг, эргэн төлөлтөөс ямар мөнгө хэзээ төвлөрөөд дахиад хүмүүс яаж төслийг санхүүжүүлэхээр өгч болохыг тодруулах шаардлагатай.

-Зээлийн дээд хязгаар бий юү?

-Энэ асуудлыг тогтоож өгөх хүсэлтүүдийг сумын удирдлагууд өгч байгаа. Бид чадавхийн асуудлыг бас ярьж байна. Хөдөлмөрийн яамны зүгээс тодорхой сургалтуудыг зохион байгуулна. Зээлийн дээд хэмжээг 30 сая байхаар ярьж байна.

Доод хэмжээг тогтооход хүндрэлтэй байгаа. Бид газар дээрээс нь сум, аймгуудаас, иргэдээс сумуудын удирдлагаас санал аваад журмаа шинэчлэн энэ зургаан сард батлуулахаар ажиллаж байна.