Дотооддоо арьс, ширнийхээ 60 хувийг боловсруулна
Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол гарсан билээ.
Харин энэ ажлын эхлэл болгож, арьс ширний үйлдвэр барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдээр тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ уг газарт очиж байршлыг нь үзсэн юм.
ҮХАА-н сайд Х.Баттулга: Газарзүйн байршлын хувьд Дархан-Уул аймаг хамгийн тохиромжтой гэж үзсэн
Засгийн газрын тогтоол гарсан. Ерөнхийдөө арьс ширний үйлдвэрүүдийн байршлыг сонго гэсэн үүргийг ҮХААЯ-нд өгсөн. Энэ дагуу бид Налайх, Багануур, Дархан, Эмээлт гэсэн байршлуудыг судалж, үзээд Дархан хотод байгуулах шийдвэрт хүрсэн.
Учир нь Европын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахын тулд төмөр зам, газарзүйн байршлынхаа хувьд Дархан-Уул аймаг тохирч байна. Ер нь 10-15 га талбайд үйлдвэр байгуулахад жилдээ 6-9 сая ширхэг арьс, шир боловсруулах боломжтой гэж үзэж байгаа. Төрийн зүгээс санхүүжилтийн асуудал дээр дэмжинэ.
ҮХАА-н сайд Х.Баттулга арьс ширний үйлдвэрийн цогцолбор барих газартай танилцсаны дараа Дархан-Уул аймгийн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрээр зочлов. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг динамик төвшин доошилж, усны хомсдол үүсч болзошгүй хэмээн хаажээ.
Гэтэл үйлдвэрийн ашиглаж байгаа усыг ундны хэрэгцээнд ашиглаж болохгүй гэх дүгнэлт гарсан байдаг юм байна. Тус үйлдвэрийн хувьд 100 хувь монголчууд ажилладаг бөгөөд төмрийн хүдрийг баяжуулж, урд хөрш рүү гаргадаг аж. Харамсалтай нь, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноор Монгол Улс руу орж ирэх валютын урсгалыг зогсоож байгаа гэв.